Магтаал, шүүмжлэлийн бай Х.Баттулга оновчтой сонголт мөн үү?

2017/05/08
Өнгөрөгч амралтын өдөр АН-ын наймдугаар их хурал шинэчилсэн дүрмийн хүрээнд болж өндөрлөлөө. Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 1206 гишүүн оролцсон. Тэд шинээр байгуулагдсан ҮБХ-ын гишүүдээ батламжлах, бүх гишүүдийн саналаар тодруулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ батламжлах, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах гэсэн гурван асуудлын хүрээнд хуралдаж шийдвэрээ амжилттай гаргасан юм.

Энэ удаагийн АН-ын их хурал үнэмлэхүй ялагдал, намаа бодлогын хувьд шинэчлэх олон удаагийн дотоод сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсноороо онцлог байлаа. Их хурлын хүрээнд хэлэлцсэн гурван асуудлаас АН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах асуудал анхаарал татсан сэдэв байв.

Намын жирийн гишүүдийн олонхын саналаар тодорсон МоАХ-ны дарга УИХ-ын гишүүн асан Халтмаагийн Баттулгыг их хурлын төлөөлөгчид 96.6 хувийн саналаар дэмжиж түүнд боломжийг атгууллаа. Монголчуудын хэзээний танил, хайр хүндлэлийг хүлээсэн, улстөрийн тогоонд чанагдсан, басхүү магтаал, шүүмжлэлийн бай болж явдаг Х.Баттулгыг намын гишүүд хэрхэн дүгнэж байгаа нь сонин.

Ингээд  намын гишүүдийн байр суурийг хүргэж байна.
 
АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Р.Бурмаа: АН-ЫГ ЭВ НЭГДЭЛГҮЙ ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГГҮЙ  
 
“АН намын хорооны дарга, намын дарга, ҮБХ-ны гишүүд, аймаг сум, дүүргийн намын хорооны дарга нараа бүгдийг нь гишүүдийнхээ саналаар сонгож байгаа. Үүний дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд 6 нэр дэвшигч нэр дэвшээд олонхын дэмжлэг авсан Х.Баттулгыг их хурлаараа батламжиллаа. АН-ыг дотооддоо зөрчилтэй байна, эв нэгдэлгүй байна гэдэгтэй санал нийлдэггүй. Харин ч жирийн гишүүдийн саналыг сонсч шийдвэр гаргаж байгаа нь эв нэгдэлтэй байгааг батлан харуулж байна.


 
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдсөн хүмүүс маань гишүүдийн олонхын санал авсан хэнийг ч дэмжиж ажиллахаа илэрхийлж эвийн гэрээнд гарын үсэг зурсан. Тиймээс энэ хариуцлагатай сонгуульд хүчээ нийлүүлэн оролцоно. Миний хувьд Х.Баттулгатай УИХ, хөдөө аж ахуйн салбар, Ардчилсан холбоонд хамт ажиллаж байсан. Ялалтын төлөө дэмжиж ажиллана. Х.Баттулгадаа амжилт хүсье”
 
АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай: ЯЛСАН НЬ ЯЛАГЧ ШИГ, ЯЛАГДСАН НЬ НЭГИЙГЭЭ ДЭМЖИХ ЁС ЗҮЙ БИЙ
 
“Х.Баттулгыг намын нийт гишүүдийн олонх нь дэмжиж, их хурлын төлөөлөгчдийн 96 хувь нь дэмжсэн учраас энэ сонголт  оновчтой, оновчгүйн тухай ярихгүй. Өнгөрсөн богино хугацаанд намаа шинэчлэх хүрээнд олон сонгууль хийлээ. АН-ын гишүүд ялалт, ялагдалд хангалттай суралцсан. Тиймээс намынхаа эсрэг ажиллах, хагаралдуулах зүйл гарахгүй гэдэгт итгэж байна.


 
Сая Ерөнхийлөгчид нэр дэвшсэн зургаа маань төлөвшсөн улстөрчид. Тэгэхээр ялсан нь ялагч шиг, ялагдсан нь нэгийгээ дэмжээд явах ухамсар ёс зүй бий. Энэ сонгуульд АН ялалтын төлөө өрсөлдөнө. Олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүйн төлөө хамтран, Х.Баттулгыг дэмжин оролцоно”
 
Хан-Уул дүүрэг ҮБХ-ны гишүүн Ш.Эрдэнэтуяа: АН-ЫН ХУВЬД Х.БАТТУЛГА БАЙГАА ОНОСОН СОНГОЛТ  
 
“Үндэсний Бодлогын Хорооны шинэ гишүүнийхээ хувьд ардчилсан намынхаа VIII-р их хуралд анх удаагаа оролцлоо. Ардчилсан нам энэ удаа жирийн гишүүн бүрээр өөрсдөөр нь сонголт хийлгэж тэдний үзэл бодлыг тусгаснаараа саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд болсон дотоод сонгууль бол маш зөв маш чухал бодит өөрчлөлт болсон гэж үзэж байна.

Ардчилсан намын анхдагч гишүүд болох өвөө, эмээ, ах, эгч нарынхаа эхлүүлсэн ардчиллын суурин дээр өсөж торнин, Ардчилалын түүчээ болж дараагийн үеийн залуу гишүүдээ дэмжиж,  боломж олгож итгэл өгч үүрэг хүлээлгэсэн. Миний хувьд Хан-Уул дүүргийнхээ Ардчилсан намын жирийн гишүүний дуу хоолой болж тэдний санаачлага, үзэл бодлыг намын бодлогын шатанд хүргэх үүрэг хүлээх төлөөлөл болон Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр сонгогдоод байна.

Ардчилсан намын олон зуун гишүүд энэ удаа жирийн сонголт хийгээгүй гэж үзэж байна. Би намаа төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг авсан Х.Баттулга даргаа хийсэн ажил, бүтээсэн үйлстэй, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн гэж хүндэлсээр ирсэн. Эрх барих намаас нэр дэвшигчийн эсрэг, Ардчилсан нам байгаа оносон сонголт хийлээ гэж харж байна. 2017 оны 06-р сарын 26-ны өдөр бол Монголын ард түмэн үр хойчдоо туурга тусгаар бүтэн улсыг нь үлдээхэд жинтэй хувь нэмэр оруулсан сонголтын өдөр болно гэдэгт баттай итгэж байна"




 
АЗХ-ны Ерөнхийлөгч С.Дэмчиг: ЖИРИЙН ГИШҮҮД Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИГЧИЙГ ЯЛЖ ЧАДНА ГЭЖ  ДЭМЖСЭН
 
“АН-ын шинэчлэлийн бодлогын нэг чухал хэсэг нь аливаа шийдвэр, удирдах түвшний томилгоотой холбоотой асуудлыг нийт гишүүдээсээ асууж шийдвэрлэдэг болсон явдал. Энэ бодлогын шинэчлэлийн үр дүнд АН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа эхлээд намын жирийн гишүүдийн дунд асуулга явуулж, Ерөнхийлөгчид нэр дэвшвэл олны дэмжлэг авах хүмүүсээ тодруулсан.


 
Ингээд хоёрдугаар шатанд 330 сум, нийслэлийн 152 хорооноос сонгогдсон төлөөллийн бүрэлдэхүүнээрээ дамжуулан Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. АН-ын жирийн гишүүд Х.Баттулга нэр дэвшигчийг ялалт байгуулж чадна гэж үнэлж байна. Миний хувьд мөн дэмжиж ажиллана. Сонгууль болгоны дараа ямар нэг маргаан, санал зөрөлдөх зүйл байдаг. Энэ бүхэн ард хоцорсон. Одоо бол АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх хүнээ дэмжиж, ялалтанд хүргэхийн төлөө бүх гишүүд ажиллана”
 
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын АН-ын хорооны дарга А.Цэрэнтогтох:  АН УЛСТӨРД ШИНЭ СОЁЛ  НЭВТРҮҮЛЛЭЭ  
 
АН-ын залуу гишүүний хувьд томоохон шинэчлэлийн эхлэл тавигдсан, улстөрд шинэ соёл нэвтрүүллээ гэж харж байна. Мэдээж шинэчлэл хийх амаргүй. Алдаатай, оноотой зүйл гарна. Энэ бүхнийг даван туулаад явах хэрэгтэй. АН-ын олон мянган гишүүдийн сонголтоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ дэмжин ажиллахад бэлэн байна.


 
Миний хувьд саяхан болсон дотоод сонгуулиар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын АН-ын хорооны даргаар сонгогдсон. Ажлаа аваад удаагүй байна. Цаашдаа намын залгамж халааг авах чадвартай, шинийг санаачлагч олон залуусаар эгнээгээ өргөжүүлэхийн төлөө ажиллана. Өвөрхангай аймгийн бүхий л шатанд АН ялагдал хүлээсэн онцлог цаг үед залуус бид зорилготой, тууштай, итгэл үнэмшилдээ үнэнч байх нь чухал. Намынхаа нөхдийн дэмжлэг, шинэ санал санаачлага, итгэлд тулгуурлан 2020 оны ялалтын төлөө ажиллах болно"
 
Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга А.Цэрэнбат: ХЭЦҮҮ ЦАГТ МОНГОЛЧУУДЫГ ЭВЛЭРҮҮЛСЭН ХҮН БОЛ Х.БАТТУЛГА  
 
Ардчилсан нийгэмд амьдарч байгаа залуу хүний хувьд нам шинэчлэгдэж байх хэрэгтэй гэж боддог. Намын бүх шатны удирдлага, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахдаа 180 мянган гишүүдийнхээ саналыг сонголоо. УИХ-д суудалтай намуудаас гурван хүн Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Энэ гурван хүний нэг нь хэн байх вэ гэдгийг өөрсдийнхөө саналаар сонгосон нь ардчилсан нийгэмд амьдарч буй залуу хүний хувьд бахархал. АН аль нэг төлөөллийн байгууллагаараа юмуу, хэн нэгний лоббигоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулаагүй. АН-ыг сонгосон надад “Зөв зүйлд итгэл үнэмшлээ өгсөн юм байна даа” гэдэг бахархах сэтгэл төрж байлаа.

Монголчууд Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг бүгд мэднэ. 2008 оны сонгуулийн дараа монголчууд задарч, өөр хоорондоо эвдрэлцсэн. Ийм хэцүү цагт Монголчуудыг эвлүүлж, нягтаршуулахад гавьяа байгуулсан хүн бол Х.Баттулга. Бид бөхөөрөө бахархдаг ард түмэн. Жудогоос олимпийн анхны алтан медальтан төрсөн нь энэ спортыг ямархуу хүндтэй спорт болгов. Миний хувьд Х.Баттулга гэдэг хүнийг амьдралын өргөн цар хүрээтэй хүн гэж үнэлдэг.


 
Хүнд бэрхтэй тулгарч, даваад гарчихсан, юунд ч сандарч тэвддэггүй. Тиймээс АН-д том давуу тал, боломж үүслээ гэж харж байгаа. Үүнийг АН-ын бүх гишүүд ашиглаж, дэмжих ёстой. АН-ын бодлогын шинэчлэл залууст орон зай гаргасан оюун бодлын өрсөлдөөн боллоо гэж харж байгаа.

Түүхэн сонголтыг хийх гэж байгаа монголын ард түмэн 2016 оны МАН-ын УИХ-ын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр, амлалтыг эргэн санаасай гэж хүсч байна. Ард түмэн эрх баригчдыг жилийн дотор амлалтаасаа хэрхэн гутамшигтайгаар буцав гэдэгт оноо тавьж дүгнэлтээ хийх ёстой"
 
 Чингэлтэй дүүрэг ҮБХ-ны гишүүн Т.Бат-Эрдэнэ: ШҮҮМЖЛЭЛ, БЭРХШЭЭЛЭЭС ШАНТАРДАГГҮЙ ЧАНАР НЬ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ 
 
АН-ын наймдугаар их хурал түүхэн онцлогтой. Нэгдүгээрт, АН-ын шинэчлэлийн хүрээнд сонгогдсон төлөөлөгчид 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулсан явдал. Хоёрдугаарт, шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон 389 хүний эрхийг албан ёсоор баталгаажууллаа. АН удаа дараагийн ялагдлын дараа шинэчлэлийн томоохон алхмууд хийлээ.


 
Нэр дэвших эрхээ намынхаа гишүүдийн дэмжлэгээр авсан Х.Баттулгын тухайд АН төдийгүй монголчуудад танигдсан, нэр хүндтэй, залуу үеийн хүндлэлийг хүлээсэн улстөрч. Бусад өрсөлдөгчөөсөө дутахааргүй нэр хүндтэй, улстөрчийн хувьд турш туршлагатай. Би хувьдаа энэ сонголтод сэтгэл өндөр байгаа. МАН УИХ, орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Харамсалтай нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт 0 хувьтай байна. Амласан зүйлээсээ нэгийг ч ажил хэрэг болгож чадалгүй жил тойрлоо. Үүнд ард түмэн сэтгэл дундуур байгаа нь илэрхий харагдаж байна.

Ажил хийхийн тулд зоригтой, шийдэмгий алхам хийх хэрэгтэй. Аливаа шүүмжлэл, саад бэрхшээлээс шантрахгүй, няцахгүй урагшлах зүрх сэтгэл Х.Баттулгад бий. Энэ бол хамгийн том давуу тал, ялгаа нь.
 
С.Отгон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна