Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулна

2017/05/11
Засгийн газрын хуралдаанаар Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гаргалаа. Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан.

Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа. Мөн Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг холбогдох сайд, Засаг дарга нарт даалгасан байна.

Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй  хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолыг барьж байгуулах юм.

Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим  мянган жуулчин зорьсон гэх статистик тоо байдаг. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирхжээ.

эх сурвалж:БОАЖЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна