Зөрчил ихтэй зөрчлийн хууль батлагдлаа

2017/05/12
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Багагүй хугацаанд хуулийн төсөл дээр ажилласан ч эргэж харах, засч сайжруулах зүйл байгааг УИХ-ын дарга анхааруулсан.

Эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын зарим гишүүдээс зарим заалт учир дутагдалтай байгааг хэлж байсан юм.  УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "Банкны торгуулийн хэмжээг багасгаад оруулж ирснийгм эргэж харах ёстой. 40, 50,70 мянган нэгжээр торгоно гэж байгаа нь банкны салбарынханд харьцангуй тоо. Дэлхийн жишиг хууль зөрчсөн банкуудад их хэмжээний торгууль ногдуулж байгаа” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Жижиг боомтуудаар наймаа хийж байгаа хүмүүс татвараас зайлсхийсэн тохиолдолд хариуцлага тооцохгүй болж байгаа нь зөв үү. Хэрэгжээд эхлэхээр бүтэл муутай хууль болохыг нь мэдээд Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа юм шүү” хэмээн анхааруулсан.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 74.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нэг бүрийг батлах санал хураалт явуулж, УИХ-ын гишүүдийн олонх дэмжин баталсан юм.

Мөн Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэн баталсан.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор ял шийтгэлийн “эрх хязгаарлах” гэсэн шинэ төрлийн зохицуулалт тусгах боломж бий эсэхийг асуусан юм. Шинэ төрлийн ял шийтгэл тусгах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлээд “Хуулийн төсөлд гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” гэх тайлбарыг өглөө.

Ийнхүү зөрчил маргаан дагуулсан Зөрчлийн тухай хууль батлагдаж 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр болж байна.

С.Отгон 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна