УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийг маш аюултай хууль болсон учир хэрэгжиж эхлэхээс нь өмнө нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тавихаа мэдэгдсэн юм.
Тэрбээр "Шинэ эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан. Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл.
Түүнчлэн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой заалт. Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна. Тиймээс үе үеийн Тагнуулын газрын дарга нартай уулзаж, Эрүүгийн хууль хэрэгжихээс өмнө нэмэлт, өөрчлөлт оруулна" гэсэн юм.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна