УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийн ирц хангалтгүй байгааг шүүмжилж, бусдын өмнөөс кноп дарж буй байдлыг гар утсаараа live шууд бичлэг хийж үзүүлсэн. Гишүүдийн ирцийг бүртгэж, бусдын өмнөөс кноп дарахгүй байхыг анхааруулсан тэрбээр өнөөдөр шүүмжлэлийн бай боллоо. УИХ-ын гишүүд бухимдаж түүнд хандан хатуу үг чулуудсан юм.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: УИХ-ын гишүүдийн эрхэд халдаж байна. Гишүүд өөр газарт хуралтай байдаг, Төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцаж байгнаа иргэдтэй зураг авхуулахаар гардаг. Ийм байдлаар танхимд сууж амжихгүй үе байдаг шүү дээ.Чи жаахан тавьтартай бай. Өөрийгөө юу гээд бодчихсон юм, юу гээд ойлгочихсон юм. Дандаа буруу зөв ярих юм.Энд сууж байгаа гишүүд бүгдээрээ сонгогчидтой, бүрэн эрхтэй. Би чамд нөхөрсөгөөр зөвлөж байна. Үүнийгээ боль. Чамайг хүмүүс хөөргөж байгаа. Чи од болж байгаа байх.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ажлаа хийж байна. Та нараас болж хуулийн үг үсэг алдагдаад байгаа юм. Тиймээс битгий бусдын өмнөөс кноп дараад байгаач ээ гээд байгаа юм. Хүнийг гүтгэж болохгүй учир бичлэг хийж байгаа.Би кноп дарах 10 секундыг 2 секунд болгочих гэдэг санал хэлээд байгаа. Сонгогчид шударга ёс хүсч та нарыг олуулаа болгосон. АН ингэдэг байсан, та ингэдэг гэх хэрэггүй. Ард түмэндээ хүндэтгэлтэй л ханд л даа. Би ажилдаа ирдэг цагтаа ирээд явдаг цагтаа явдаг.
Магадгүй намын бүлэг дээрээ базуулчихаад танхимд орж ирж чадаагүй байж болно.Гэхдээ энэ нь түүний өмнөөс кноп дар гэсэн үг биш. Нэг цэг, нэг таслал, нэг үг чинь тухайн хүний амьдралыг бүхлээр нь өөрчилдөг. Тийм ч учраас ноцтой хуулиуд их явж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Миний өмнөөс янз бүрийн юм ярихгүй байхыг хүсье. Миний өмнөөс битгий тайлбар хийгээд бай.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хоёр нүүртэй хүмүүсийг харахаар гайхаад байх юм. О.Баасанхүү гишүүнд хандаж хэлж байна. Эрдэнэтийн асуудал дээр юу гэж ярьж гарч ирлээ.Гэтэл түүнийхээ эсрэг ажилласан. Наанаа нэг юм яриад араараа булхай луйвар хийдэг, бусдын гар хөл болдог. Би ч гэсэн үг хэлмээр байна. Оновчтой үг хэлдэг хүмүүст нь үг хэлэх боломж олгомоор байна. Бүхэл бүтэн намыг төлөөлж байгаа байж намаа маш муухай харагдуулж байна. Цаашдаа бодно биз дээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын гишүүний эрх бол үг хэлэх санал хэлэх л дээ. Эрдэнэтийн 49-ийг та нар л ярьсан шүү дээ. Гарсан тогтоол чинь хууль шүүх дээр унаж байгаа. Би танай намын гишүүн биш. Гэтэл намаас чиглэл өгсөн мэт ярьж болохгүй. Би үүнийг ярьмааргүй байхад өөрсдөө өдөж яриад байна. Би ганцаараа хэлж байгаа учраас худлаа, та нар 65 уулаа хэлж байгаа учраас үнэн болж харагдаад байна л даа. Би гишүүн болохын тулд орж ирээгүй. Би ажлаа хийж байна. Ганц хүн рүү битгий ингэж дайр.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энхболд дарга зөөлдөөд байна уу. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой л үг хэлүүлмээр байна. Хамааралгүй асуудал ярьсан бол микрофоныг нь хаадаг биз дээ. Баян айлын ганц эрх хүүхэд шиг байх юм. О.Баасанхүү гишүүн ээ одоо холбогдолтой асуудлаараа л үг хэлмээр байна. Сүүлдээ АН-ын дотоод хэрэг рүү орж байна. Больж үз.
Ийнхүү УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн шууд бичлэг гишүүдийн олонхын дургүйцлийг хүргэж, маргаан дэгдээснээр УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна