УИХ-аас тавдугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.
Уг хуулийн төсөл батлагдсанаас хойш “Эх орноосоо урвах” гэмт хэргийн ялыг хөнгөрүүлсэн, ял шийтгэл оноохооргүй болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээлэлээр цацагдаж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эх орноосоо урвах гэдэг заалтыг байхгүй болгож байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Гишүүн О.Баасанхүүгийн илэрхийлсэн байр суурьтай холбогдуулж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон Тагнуулын Ерөнхий газраас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэмт хэргийн ялыг хөнгөрүүлсэн зүйл байхгүй хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл Та бүхэнд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн төсөл болон 2017 оны таван сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон хуулийн төслийг харьцуулалтыг хүргэж байна.
2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр УИХ-аас батлагдсан Эрүүгийн хуулиас:
АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
79 дүгээр зүйл.Эх орноосоо урвах
79.1.Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2017 оны 5 сарын 11-ний өдөр УИХ-аас батлагдсан Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр:
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
19.1 дүгээр зүйл. Эх орноосоо урвах
1.Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Дээрх харьцуулалтаас харахад өмнө нь гадаадын тагнуулын албанд элссэн нь тогтоогдсон тохиолдолд эх орноосоо урвасан хэмээн ял шийтгүүлэх нөхцөл байдалтай байсан бол энэ удаад гадаадын тагнуулд элссэн нь тогтоогдвол эх орноосоо урвасан хэмээн үзэхээргүй болсон бололтой.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна