Пакистаны Бахавалпур хотод бензин зөөвөрлөгч машинд гал авалцсанаас шатсан золгүй явдал болжээ. Их хэмжээний түлш зөөвөрлөж явсан машин эхлээд зам дээр эргэлдэн осолдож, улмаар шатаж эхэлсэн байна.
Ослын улмаас 150 гаруй хүн гэмтэж түлэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Бензин зөөвөрлөж явсан машин осолдсоны дараа нутгийн иргэд сав барин осолдсон машинаас түлш юүлэн авахаар ойртож, улмаар хоромхон зуурт дэгдсэн галд өртөн гэмтэж түлэгдсэн байна. Замын цагдаа нар иргэдийг осолдсон машин руу ойртуулахгүй байхыг хүсч, замыг нь хаасан ч хүмүүс машины түлшний савнаас түлш авахаар тэмүүлцгээжээ. Бензин зөөвөрлөгч машины дугуйнд гэмтэл гарснаас тэнцвэрээ алдан осолдсон гэж замын цагдаагийнхан үзэж байна.
Машин онхолдсоны дараа хүмүүс ойртох үед хэн нэгэн дутуу унтраасан тамхиа шидсэнээс гал авалцан шатжээ. Ослын улмаас гарсан галд олон хүн өртөн гэмтэж түлэгдсэн юм. Бензин зөөвөрлөж байсан машин Пакистаны Карачи хотоос Лахор хотыг зорин нийтдээ 25 мянган литр түлш зөөвөрлөж явжээ. Машинд гал гарч шатсанаас ойролцоо нь байсан 6 машин, 12 мотоцикл галд өртөн шатсан байна. Түүнчлэн хэдэн арван хүн түлэгдэж амиа алджээ.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна