НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан билээ. Тэд холбогдох санал дүгнэлтээ саяхан болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан бол өнөөдөр тус газарт үйл ажиллагаа явуулдаг, бизнес эрхэлдэг иргэдтэй уулзаж байна. “Хангарьд” ордонд болж энэхүү уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга тэргүүтэй Ажлын хэсгийнхэн болон барилгын материалын худалдаа үйлчилгээний төвийн эзэн, түрээслэгч нар оролцлоо.
Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсгийнхэн 100 айл орчимд тулгамдсан асуудлыг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэхийн тулд иргэд болон төр, захиргааны байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн байдаг. Тиймдээ ч энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Харин тэд 2018-2020 он хүртэлх хугацаанд гурван үе шаттай ажлыг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Тухайлбал, Нэгдүгээр үе шат: УБЕГ-ын зарим чиг үүргийг дүүрэг болон холбогдох цэгүүдэд шилжүүлэх, барилгын материалын шинэ зах нээх, ил задгай хоол хүнс, барилгын материал зарахыг хориглох, стандартын шаардлага хангаагүй хоолны газар, ТҮЦ-ийг буулгахаар төлөвлөөд байгаа юм.
Хоёрдугаар үе шат: Таваас наймдугаар сард явган болон авто замын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх. 100 айлын замыг өргөтгөж 4-6 эгнээ болгох, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, дахин төлөвлөлтийн дагуу дэд бүтцийг сайжруулж, шинэчлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.
Гуравдугаар үе шат: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна. Орон сууцжуулах хөтөлбөр энэ дотор хэрэгжээд явах юм. Шинээр орчин үеийн барилгын худалдааны төвүүд бий болгоно. 100 айл орчмыг өнөө маргаашгүй нүүлгэж, лангууг нь хаахгүй гэдгийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ойлгох хэрэгтэй. Бид бага багаар 100 айлд бизнес эрхэлж байгаа иргэдийн нөхцөлийг сайжруулах, бүртгэлжүүлж, таатай орчинд ажиллах боломжоор хангаж өгөх гээд байгаа юм. Тиймээс иргэддээ сэтгэлтэй, идэвхтэй хандаж, бидний хийх ажлыг дэмжээрэй гэж хэлмээр байна.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: “Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хороонуудад барилгын материал худалддаг бизнес эрхлэгч нарын 90 гаруй хувь нь бусад дүүргүүдээс ирсэн бизнес эрхлэгчид байдаг. Энэ нь бид нарт хамаагүй ээ. Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу хаана, аль нутаг дэвсгэрт бизнес эрхлэх нь иргэдийн эрхийн асуудал. Хамгийн гол 100 айл орчим ил задгай худалдаа эрхэлдэг иргэд эмх замбараагүй байдал үүсгээд байна. Мөн хөрсний бохирдол, хулгай дээрэм тоймгүй болсон. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс есдүгээр хорооноос хойших иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж ажилдаг. Гэмт хэрэг, хэрэг зөрчил 10, 11, 12 гэсэн хороонууд дээр хамгийн их гардаг. Энэ хэсэгт машины сэлбэгийн хулгай маш их байдаг. Эдгээр дүүргүүдэд ард иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах таатай нөхцөл байдал бүрэн алдагдчихаад байна. Тийм учраас маш олон иргэдийн санал санаачилгаар 100 айлын барилгын материалын худалдааны төвүүдийг нүүлгэх ажил олон жил яригдаж байна. Зөвхөн өнөөдөр яригдаад энэ ажлын хэсэг байгуулагдсан юм биш ээ. Тиймээс бид өнөөдрийн уулзалтаас зөв гарц гаргалгааг л олох хэрэгтэй.
НИТХ-ийн төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга “Өнөөдрийн уулзалт бол худалдаа эрхлэгчидтэйгээ ойлголцох, 100 айл орчмын орчин нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцоход чиглэнэ. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад л байгаа. 100 айлд байгаа лангуунуудыг хаахгүй. Харин орчин, дэд бүтцийг сайжруулах боломжийг хайж байна.
Өнөөдөр 100 айл орчимд тулгамдаад байгаа асуудлуудыг дурдвал зам, зогсоол, тохижилт, хөрсний бохирдол гээд хөвөрнө. Асуудал байгааг 20-иод жил ярьж байгаа ч ямар нэгэн юм хийхгүй байсаар байгаа. Тиймээс бүгдээрээ ярилцаад асуудлуудаа шийдэх гарц гаргалгааг олно гэдэгт би итгэлтэй байна. Бидний зүгээс боловсруулсан төлөвлөгөөгөөр гурван үе шаттай ажлыг хэрэгжүүлэхдээ худалдаа эрхлэгчдийнхээ эрх ашгийг хөндөхгүй.
Харин сүүлийн хэдэн жилд эрчимтэй нэмэгдсэн ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоож, дараагийн шатанд орчин үеийн томоохон худалдааны төвтэй болмоор байна” гэлээ.
Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл Д.Лхамсүрэн “Би энэ хуралд хоёр компанийн ажилтан албан хаагчид, лангуу түрээслэгчдийг төлөөлж оролцож байна. Хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллуулдаг хоёр компани маань 150 орчим ажилтантай. Манай компани 24 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бидний байр суурийг сонсох гээд өнөөдөр уулзалтад урьсанд баярлаж байна. Та бүхний хийх гэж байгаа ажлыг би дэмжиж байна.
Сүүлийн 2, 3 жилийн хугацаанд 100 айлыг нүүлгэн гэх цуу яриаг төрөл бүрээр сонслоо. Бид орчноо тохижуулах чиглэлээр ажлууд хийдэг. Тухайлбал, гурван жилийн өмнө замын зүүн талын 33 дэлгүүрийн дулаан, цэвэр бохир усны шугамыг сольсон. 4,000 м/кв талбайг асфальтаар бүрсэн. Энэ ажлуудаа өөрсдийнхөө хөрөнгөөр хийсэн. Манай тэр хавьд хамгийн асуудалтай зүйлсийн нэг нь жорлонгийн асуудал байдаг. Хотоос нэг жорлон барихдаа хаа байсан урд барьчихсан. Уг нь жоохон хойно барьсан бол их зөв байрлалтай болох байлаа. Худалдаа эрхлэгч бидний зүгээс орчноо тохижуулах ёстой гэдэгтэй 100 хувь санал нэг байна.
Ер нь бол одоо 100 айлд лангуу түрээсэлж худалдаа эрхэлдэг хүмүүс биш гадна талбайд ямар ч зөвшөөрөлгүй ил задгай худалдаа хийдэг хүмүүс илүү ашигтай ажиллаж байна. Ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох цаг болсон” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна