Ардын жүжигчин Хайдав гуай бурханы оронд морилж, олон арван хүн харуусан эмгэнэж байна. Миний бие түүнтэй гурван ч удаа ярилцлага хийж байжээ.
Сүүлчийн ярилцлагын дараа Хайдав гуай намайг заавал ресторанд дайлах гээд байж билээ. Үгүй дээ, би харин таныг дайлах ёстой гэтэл “Төр түмнийхээ хишгийг олон жил хүртэж яваа надад ганц хүн дайлах хэмжээний мөнгө бий шүү” гэж хэлж байсан.
Хамгийн эхэнд бид хоёр түүний эцэг “Лүүжин” Гонгор гэдэг хүний талаар хөөрөлдсөн. Энэ хүн дээр үед шилийн сайн эр явжээ. Ухаандаа би “Ар халхын шилийн сайн эрчүүд” номынхоо материалыг л бүрдүүлж яваа нь энэ. Дараа нь тэгээд Хайдав гуайд аавынх нь тухай бичигдсэн номоо гардуулж байлаа. Ингээд тэр номонд Хайдав гуайн яриа хэрхэн бичигдсэн талаар өгүүлье.
“...Миний эцэг “Лүүжин” Гонгор гэж яах аргагүй шилийн сайн эр явсан хүн. Аав маань Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын жинхэнэ төв халх хүн байлаа. Тийм болоод ч тэр үү. Манжийн дарлалыг бас зохих хэмжээгээр эсэргүүцдэг байж. Тэр эсэргүүцэл нь баяд ноёдын адуу малыг хөөж ядууст тараадаг шилийн сайн эрийн зам байж л дээ.
Тэгээд л аав маань тухайн цаг үеийн Ар халхын зургаан сайн эрийн нэг гэгдэж явсан Ширмэн Хоовонгийн баруун гар нь болсон гэдэг. Алс холын явдал даадаг сайн морийг бол хаанаас ч олоод уначихна. Гэхдээ аав маань хаяагаа хадарч явсангүй. Хаа холын Хятадын нутгаас, Өвөрлөгчөөс адуу хөөж авчраад Дундговийн Их газрын чулуунд нууж явсан гудиггүй сайн эр явсан байна.
Би ааваараа бахархдаг. Аавын маань бас нэг сайн нөхөр гэвэл “Хагархай” Сэд гэж хүн байсан. Энэ хүн Манжийн есөн эрүүг давж байсан юм билээ. Өрөөсөн нүдгүй, өрөөсөн чихгүй, өрөөсөн хөлгүй, ийм хачин эрэмдэг хүн байлаа. Тэгээд өрөөсөн хөлгүй мөртлөө морин дээр муур шиг үсрээд гарчихдаг.
Манай аавын яах аргагүй найз нь байсан. Манжийн есөн эрүү чинь айхтар харгис байсан юм биш үү? “Хагархай” Сэд гэхэд л есөн эрүүнд ороод ингэж эрэмдэг зэрэмдэг болсон гэж байгаа юм. Манж нар түүний нүдийг сохолж, чихийг огтолсон болж таарах гээд байгаа юм. Ингэж айхтар тамлуулсан хүн ховор гэж байгаа юм шүү. Энэ хүн намайг бага залуу байхад хааяа манайд ирж хонодог байсан юм. Бид нар эхэндээ түүнийг хараад “Яадаг билээ” гээд ухаан алдталаа айдаг байсан. Өрөөсөн нүдгүй, чихгүй, хөлгүй тийм аймаар хүнийг хараад хүүхдүүд айна шүү дээ.
Ямар олиг байхав дээ. Хамгийн гоё нь тэр “Хагархай” Сэд чинь үлгэр ярина гэж жигтэйхэн. Одоо ч манай гавъяатууд түүн шиг ярьж чадахгүй. Сайхан үлгэр хэлэхээс гадна түүнийгээ уран яруу хүүрнэнэ. “Хагархай” Сэдийг үлгэр яриад эхэлмэгц бид шөнөжин амаа ангайгаад сонсдог байсан.
Маш олон үлгэр мэднэ. Тэгээд нэг үлгэрээ давтаж ярихгүй. Тэр хүн зовож зүдрэхийн ихийг үзсэн. Зарим найзынхаа өмнөөс шийтгүүлдэг байсан гэсэн. “Өө, миний найз яахав, би хэргийг чинь хүлээнэ. Тэртэй тэргүй би эрэмдэг болсон хүн. Манж нар намайг дахиад л эрэмдэг болгоно биз” гээд л нөхдийнхөө хэргийг ганцаараа даагаад Манжийн шоронд орчихдог байсан гэж байгаа.
Мөн ч айхтар хүн байгаа биз. Хүний өмнөөс өөрийгөө ингэж эрэмдэг болгож байдаг. Нэг үе аав маань “Хагархай” Сэд, их говийн “Ширмэн” Хоовон нартай хамт шилийн сайн эрийн замаар замнаж, говь цөлийг бол туулж байсан хүн. Эд нар чинь нөгөө Дарьгангын “Торой” Бандийн үе шүү дээ. Гэхдээ “Торой” Банди хамгийн ахмад нь байсан байгаа юм.
Ингээд говийн сайн эрчүүд Дарьгангын сайн эрчүүлтэй холбогдсон байдаг. Эд нар голдуу урагшаа хил давж адуу малыг азаргаар нь тууж авчраад Дундговийн Их газрын чулуунд хашдаг, тэгээд түүнийгээ ядарсан ард иргэдэд тараадаг байж. Аав маань ядуу зүдүү олон айлыг амьдралтай нь залгуулж өгсөн байдаг юм. Миний аав тарни уншчихна, лүйжин тавьчихна. Хэр баргийн хүн лүйжин тавихгүй шүү дээ. 1921 онд Ардын хувьсгал ялан мандсаны дараа шилийн сайн эрчүүдийг хоморголон баривчилж эхэлсэн гэдэг.
Үүнд аав маань бас өртөж байсан. Ардын хувьсгал ялсаны дараа манайхны хамаг хөрөнгийг хураасан байдаг. Их л мал хөрөнгөтэй байж. Хамаатан садангууд нь аавыг хэдэн мал, бор гэр аваад амьдар гэхэд нь аав зөвшөөрөөгүй юм билээ. Гурван хүүхдээ аваад төрсөн эгч дээрээ очно гээд Нийслэл хүрээ рүү орж ирсэн хүн байхгүй юу. Хувьсгалын үйл хэрэгт аав маань нутгийн сайн эр гэдгээрээ гар бие оролцож явсан хүн.
Баронуудтай ч нударга зөрөлцөж, бас Хятадын гамин цэргүүдтэй үзэж тарж явсан байгаа юм. Маш олон гаминг ташуураар цохиж алсан гэдэг юм. Хувьсгал ялсаны дараа амьд үлдсэн гамингууд урагшаа нутаг руугаа явах замдаа говийн ард түмнийг хайр найргүй хядаж, дээрэмдсэн байдаг шүү дээ. Үүний эсрэг нөгөө л Манжийн төрд талхилуулж явсан муу нэртэй сайн эрчүүд тэмцсэн байдаг.
Тэр үед миний аав гамингуудын өөдөөс ташуураа бариад боссон хүн шүү. Гэвч Ардын засаг дараа нь шилийн эрчүүдэд тун таагүй хандсан байдаг. Хулгайч нэртэй сайн эрчүүдийг бүгдийг нь баривчлахаар хөдлөх үед аав маань баруун урагшаа зугтаасан байгаа юм. Хойноос нь бөөн эрэл сурал болсон байдаг. Аав маань зугтсаар яваад эзгүй хээр нэг айлд очоод “Намайг улсууд хөөж явна, би лүүжин тавьдаг хүн. Танайд би ламын дүрээр ном уншаад сууж байя.
Та нар намайг хөөж яваа улсаас аргал” гэж л дээ. Тэгээд тэд нар аавыг манай нутгийн лүүжин тавьдаг лам энэ тэр гээд аваад хоцорсон байгаа юм. Ингэж аав маань аврагдсан. Аав маань бас эрдэмтэй, маш сайн зоос гүйлгэдэг, лүүжин тавьдаг хүн байсан. Тэгээд “Лүүжин” Гонгор гэж нэрлэгдэх болсон. Би есөн хүүхдийн хамгийн бага нь. Тэр гамингийн үед аав маань есөн хүүхдээсээ алдахыг нь алдаад, айлд өгөхийг нь өгөөд, эцэст нь тэгээд хоёр охин, нэг хүүгээ аваад Нийслэл хүрээнд орж ирсэн.
Тэр хүү нь болохоор би шүү дээ. Сүүлдээ аав маань Хотын захиргаанд жолооч, манаач хийж, дараа нь Дамбадаржаалин хийдийн малыг хариулж байгаад тэнгэрт хальсан даа. Аавын маань хэд хэдэн ахыг хувьсгалын эсэргүү гээд баривчилсан байдаг юм.
Тэгээд яахав, дараа нь Ардын хувьсгалын партизан “Зургаан хуруут” Дамчаа гэдэг хүний авралаар шоронгоос суллагдсан. Энэ Дамчаа болохоор маршал Чойбалсангийн баруун гар нь явсан хүн. Аав маань архи сайн уудаг, бас агсам тавьчихдаг хүн байлаа. “Бид нар бол Халхын шилдэг хүүхдүүд. Муусайн хулгайч нар бол биш.
Харин тэр муусайн хулгайч нар чинь бидний нэрийг барьдаг байсан юм” гэж аав маань ярьдаг байлаа. Би аавынхаа сургаалиар явж байгаад л Зөвлөлтөд сургуульд явсан. СССР явлаа, Красный плошадь үзнэ гээд л бөөн баяр болж байсан. Тэгэхэд бид нар машинаар 14 хоног явж байж Москва орж байлаа...”
Хайдав гуайн эхний яриа энэ мэтээр өрнөж билээ. Бид хоёрын дараачийн яриа бол өөрийнх нь тухай, бас түүний хүү хөгжмийн зохиолч Сэргэлэнгийн тухай байлаа. Харин сүүлчийн ярилцлага нь Нийслэл хүрээний ганган хүүхэн явсан түүний анхны гэргийн тухай байсан юм. Энэ бас л номонд орсон. Тэр ингэж ярьж билээ.
...Эхлээд би Цооцоогоо нэг дурсчихъя. Цооцоо бид хоёр жар гаруй жил үерхэж байна. Энэ хугацаанд би тэр хүнээс нэг ч сүүдэртэй тал хараагүй. Монгол эмэгтэйн сонгодог жишээ бол Цогзолмаа. Түүнийгээ би Цооцоо хатагтай гэнэ. Заримдаа шоглоод миний найз охин гэж дууддаг юм.
Би түүнд сэтгэл алдарч яваагүй. Хэн хэн маань сайхан хань ижилтэй улс болохоор сэтгэлд илүү орон зай байгаагүй. Заримдаа Цооцоо маань манай хүнээс илүү шүү дээ. Яаж байна, ийж байна гэж санаа тавина. Халхын сайхан хүүхнүүдийг хайрлаж, хайрлуулж явах хувьтай хүн шиг билээ би. Миний анхны эхнэр хачин гоё эмэгтэй байсан юм. Түүнээс минь надад нэг л зураг үлдсэн дээ. Би тэр зургийг хааяа нэг харж суухад сайхан байдаг байлаа.
Одоо даанч тэр зургаа олохоо байсан. Уг нь байдагсан бол чамд өгмөөр л байна. Миний тэр хүрээ хүүхэн театрын Дашдулам нартай их найзалдаг байлаа. Яах аргагүй л тэр үеийн хүрээ хүүхнүүдийн нэг байсан юм даа. Даанч төрөхийн хүндрэлээр нас барсан. Амьдралд би сагаж яваагүй, аргадаж амьдарсан.
Хань ижлээ алдчихаад гуньж гутарч явсан надад бурхан анхны минь хайртай усны дусал шиг ижилхэн бүсгүйг дахин бэлэглэсэн нь миний хоёр дахь хань байлаа. Тэр үед монгол хүн орос хүнтэй гэр бүл болох хориотой байсан үе.Тэрхэн цаг үе бас нэг ёс журманд баригдсан байсан болохоор бид хоёр ч түүнийг нь дагасан. Удалгүй би сургуулиа төгсөөд нутаг буцах болдог юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн болчихсон байсан.
Нэгэнт бид хоёр хамт амьдрах нь ёс журмаар хориглогдсон байсан болохоор хоёулаа ярьж байгаад уйлж унжиж байж хүүхдээ авахуулсан юм. Намайг нутаг буцахаас хэдхэн хоногийн өмнө орос хүн монгол хүнтэй гэрлэхийг хориглосон журам цуцлагдаж хоёр биенээсээ салж ядаж байсан бид хоёрт амьдрал бэлэглэсэн. Тэгээд л хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй орос бүсгүйгээ дагуулаад нутагтаа ирж байлаа.
Тахимаа шүргэсэн алтан шаргал үстэй орос бүсгүйг харсан ижий минь “Өө миний хүү алтан амьтан дагуулаад ирж. Энэ сайхан амьтан яаж тоосон юм болдоо, миний хүүг” гэж баярлаж байлаа. Миний тэр хүүхэн ч харсан хүн болгоны харцыг булаасан сайхан бүсгүй байсан болохоор тэр үеийн дарга сайд нар хүртэл эхнэрт минь нүд унагаж надад элдэв үг хэлдэг л байсан.
Харамсалтай нь бид хоёрын аз жаргалтай амьдрал хэдхэн жилийн настай гэдгийг бид хоёрын хэн хэн нь мэдээгүй юм. Тэр сайхан амьтанаа би мөн л төрөхийн хүндрэлээр алдсан. Би азтай хэрнээ азгүй хүн. Сайхан ханиудаа зуурдаар алдаж сэтгэлээрээ хоёр удаа үхсэн. Амьдралдаа би гурав гэрлэсэн. Бурхан намайг дахиад л сайхан ханьтай учруулсан даа...” гэж билээ.
Эцэст нь хэлэхэд Хайдав гуай өөрийгөө Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар том хүн гэж ихэрхэж, хямсагнаад байдаггүй, хэнтэй ч эвсэг сайхан ярьчихдаг гоё хүн байлаа. Царай зүс, хувцас хунар муутай манийг бол ерөөсөө дорд хүн гэж алаг үзэж голж шилэлгүй энгийн сайхан хүлээж авдаг байсанд нь талархаж явдаг билээ. Та минь эх нутгийнхаа ариун хөрс шороонд амар тайван нойрс доо...
Зохиолч, яруу найрагч Б.Ойдов
Сэтгэгдэл бичигдээгүй байна