Сайн ч мэдээ байна, муу ч мэдээ байна. Муугаас нь эхэлнэ ээ. Яруу найрагч Хулганайн Тэргэлийн нэг хэсэгтээ л дуулиан дэгдээсэн энэхүү номонд дөч гаруй өгүүллэг, хорь гаруй нийтлэл, дал гаруй шүлэг оржээ. Нууцгүй хэлэхэд дөч гаруй өгүүллэгийн дийлэнх хэсэг нь тааруухан юм. Аятайхан эхэлсэн мөртлөө өрнөл байхгүй, гоц санаа гэхээр юмгүй, өгүүлэмж нь сул, төгсгөл нь жул. Өгүүллэг, тууж, роман, кино болгоны төгсгөлд уран сайхны “поворот” буюу “эргэлт” гэж байдаг. Зарим нэг үйл явц ойлгогдохгүй байж байгаад хамгийн төгсгөлд ойлгомжтой, болдог. Эсвэл хэний ч төсөөлөөгүй гоц санаа төгсгөл хавьцаа гэнэт гарч ирж уншигчийг цочирдуулдаг. Иймэрхүү “поворот”-ыг Тэргэлийн өгүүллэгүүдээс ажигласан боловч олигтой юм олдсонгүй. Мөн сэдэв сонголтын хувьд голдуу доогуур чанарынх. Монголын нийгэмд улиг болсон нөгөө л өрх толгойлсон эмэгтэй, найгаа алдсан архичин, өнчин өрөөсөн хүүхэд, ядуу тарчиг амьдрал... Иймэрхүү сэдвээр оролдож гэмээнэ онцгой сайн бичих ёстой. Наад зах нь гэхэд л шар хэвлэлийн нийтлэлүүдээс давж гарахаар уншууртай, сонирхолтой байх ёстой юм. Яагаад гэвэл манай шар хэвлэлүүд иймэрхүү сэдвийг бараг гучаад жил түмэн янзаар бичсээр байгаад нурууг нь авчихсан. Тэд иймэрхүү сэдвээр бол баргийн зохиолчийг дагуулахгүй. Тиймээс улиг болсон энэ мэтийн сэдвүүдийг зохиол болгох гэж байгаа бол маш гоё уран санаа гаргаж, чамбай урлах ёстой гэж жирийн нэг уншигчийн хувьд зөвлөе. Тэгэхгүй бол шар хэвлэлийн нийтлэлээс дээрдэх юмгүй болчихно.
Уг нь би Тэргэлийг Америк хэмээх соёлт ертөнцөд олон жил ажиллаж амьдарч, юм үзэж нүд тайлсан болохоор сэтгэмж нь их дээгүүр болов уу гэж бодож байлаа. Гэтэл ердөө л Монголын нийгмийн доод хүрээнд өрнөж байдаг улиг болсон сэдвүүдийг шүүрч авчээ. Гэхдээ сэдэвтээ бас гол нь биш. Хамгийн чухал нь тухайн сэдвийг гоц урлахдаа л байдаг. Гоц гойд урласан өгүүллэг ховорхон байна аа, Тэргэл минь... Гэхдээ яахав, ер нь бүх юм сайн байх албагүй л дээ. Агуу их Явуугийн ногоон хавтастай номонд хүртэл хэн ч таалж уншихааргүй усан шүлэг зөндөө л “цохиж” явдаг. Номоо олон арван бүтээлтэй, зузаан болгохын тулд бичсэн болгоноо хамаж шимдэг байсан соц нийгмийн энэ ядмаг арга үй олон өрсөлдөгчөөр дүүрсэн өнөөгийн зах зээлийн нийгэмд амь бөхтэй оршсоор л байх юм.
Нэрт зохиолч Чинагийн Галсан гуайн хэлсэн нэг үг бий. “Монголын уран зохиолд нэг л том дутагдал байдаг. Тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолд. Үргэлжилсэн үгийн зохиол дэндүү хол хоцорчихсон. Яагаад вэ гэвэл өргөн мэдлэг байхгүй. Мэдлэггүй, авъяасаараа дулдуйдаж юм бичих гэж үздэг. Бичих гэж байгаа юмаа тухайн үеийнхээ нийгэм, улс төрд их захируулдаг. Тухайн үед сайшаал магтаал хүлээж байгаа юм руу бүгд хошуурдаг. Намын төв хорооны хурлаас хөдөө аж ахуй руу чиглэсэн, хөдөө гарч ажиллая гэвэл яг тэр сэдвээр нь, хөдөө гарч ажиллаж байгаа хүмүүсийн тухай бичээд эхэлдэг. Цаг хувираад Чингис хаан, бөө мөргөл, шарын шашины тухай яриад эхэлтэл одоо ерөөсөө хаад, хатдын тухай л бичиж байна...” гэж хэлсэн байдаг. Хатуу ч гэсэн үнэн үг.
Өнөөдөр Монголд болсон болоогүй ном гаргасан хүн мань мэтээс эхлээд хар мянгаараа байна. Сүүлийн хэдэн жилд хичнээн ч хүний хичнээн ч роман, өгүүллэг, тууж, шүлгийн түүвэр хэвлэгдсэн юм бүү мэд. Ядаж байхад энэ фейсбүүк гээч нь маш олон хүнийг зохиолч, яруу найрагч болгож хөөрөгдөв. Тэгээд үй олон зохиолч, найрагч гарч ирээд Монголд өрнөсөн түүхийн болоод аж байдлын сонирхолтой сэдэв болгоныг зэрэмдэглээд хаячихсан. Гэхдээ гайгүй зохиол мэр сэр байдаг л юм гэсэн. Харамсалтай нь тэр их зохиол дундаас шедевр кино болчихоор аятайхан зохиол олдохгүй л байгаа гэсэн шүү. Наад захын жишээ гэхэд л хошин урлагийн жүжигчин, одоо бол уран сайхны кино руу шуударч орсон найруулагч И.Одончимэгийн сонголтоос харж болно. Тэрбээр голдуу гадаадын сайн зохиол дээр тулгуурлаж уран бүтээл туурвидаг болчихоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд л хятад зохиолчийн бичсэн “Хойт эх”-ийг монголчилж найруулаад кино болгов. Өмнө нь тэрбээр Оросын зохиолчийн бичсэн “Морин улаагана”-ы монголчилсон кино болон Хятадын зохиолчийн бичсэн “Аянгын бороо” жүжигт гол дүр бүтээж байв. Мөн манай драмын театр байсхийгээд л гадаадын зохиолчийн бүтээлийг монголчилж тавьдаг болсон. Монголд олигтой зохиол байхгүй болохоор ийм шийдэлд хүрдэг ч байж мэднэ.
Гэхдээ донжийг нь олоод бичиж чадвал Монголоос гоё сэдэв олдох үндэс суурь их бий. Жишээ нь Хятадын киночид Манжийн үед Монголд 200 жил дамнан худалдаа наймаа эрхэлж цулайтлаа баяжсан “Даашинхүү” пүүсийн тухай олон ангит кино хийж, тэнд нь манай Монгол нутаг болоод халхчууд гарч, уг киног манай телевизүүд худалдаж аваад бидэнд үзүүлж эхлээд байна. Энэ бол ерөөсөө л манай зохиолчид болон киночдын сэтгэж хийх ажил байлаа. Гэтэл овсгоотой хятадууд биднээс өрсчихжээ.
Хятадууд манай эрдэс баялаг, адуу малын түүхий эдээр амьсгалдаг байсан бол одоо харин бидний туулж өнгөрүүлсэн түүхэн болоод аж байдлын сэдэв рүү орж ирдэг боллоо. Яагаад гэвэл сайн бичиж чадвал энд зах зээл байгаа болохоор тэр шүү дээ. Жишээ нь Хятад зохиолчийн бичсэн “Чонон сүлд”-ийг хар. Манайд хэдэн жилийн турш бестселлер болсон. Одоо бас Хятадын Ян Жи Жиун хэмээх зохиолч манай дөрвөн нүдтэй гарз нохойны талаар роман биччихжээ. Түүнийг нь миний дотно танил Өвөр Монголын До.Баатар крилл рүү хөрвүүлжээ. Тиймээс До.Баатар намайг энэ романы редактороор ажилла гэж урисан байгаа. Үүн шиг бид бас гадаадад болж өнгөрсөн гоц сэдвээр зохиол бичиж болно шүү дээ. Монгол хүн гэхээрээ л зөвхөн Монголынхоо хөрсөн дээр, Монголын тухай бичих ёстой юм биш.
Эдүгээ 600 гаруй сая долларын ашиг олж дуулиан дэгдээгээд байгаа алдарт “Куин” хамтлагийн тухай “Bohemian rhapsody” киноны зохиолыг монгол хүн бичиж болох л байсан. Яагаад гэвэл “Куин” хамтлаг болоод Фреди Меркурийн түүх намтар бүрэн судлагдсан байгаа. Энэ судалгаан дээр сайхан кино зохиол бичээд англи руу хөрвүүлж, тэгээд киноныхонтой холбогдох... Эндээс хамгийн хэцүү нь киноныхонтой холбоо тогтоож учраа ололцох л байх. Хамгийн чухал нь зохиол нь сайн байх ёстой юм билээ. Яагаад гэвэл гадны киночид арын хаалга, танил тал гэхээсээ илүү сайн зохиолыг хамгийн эрхэмд тооцдог гэж байгаа юм. Тиймээс ялангуяа шинэ залуу зохиолчид үүнийг анхааралдаа авахад гэмгүй. Утга зохиол хүртэл даяарчлагдаж байгаа өнөө үед зөвхөн Монголынхоо хөрсөн дээр, зөвхөн Монголтойгоо орооцолдохын хажуугаар хааяа бас “дэлхийчлэх” үзлээр уран бүтээлдээ хандаж, дэлхийгээ байг гэхэд урд, хойд хоёр хөршдөө нөлөөлчихмөөр юм бичвэл залуу хүмүүст яваандаа их тустай. Харин хөгшин хонины насгүй болсон мань мэт нь бол ажилгүйдэл, ядуурал болоод Улаанбаатарынхаа утаа мэтхэнийг бичээд л, утаан дундаа унтрахаас өөр замгүй болсон.
Одоо “ЭРГЭЖ БҮҮ ХАР” луу эргээд оръё. Сайн мэдээ... Энэхүү номонд хорь гаруй нийтлэл орсон нь бүгд л уншууртай бөгөөд сургамжтай. Хаа очиж Тэргэл маань нийтлэл бичихдээ мундаг юм байна. Ялангуяа түүний “Америк амьдрал ба гашуун үнэн” хэмээх цуврал таван нийтлэл өөрийнх нь туулж гарсан жинхэнэ амьдралаас урган гарчээ. Тийм болохоор уншихад тун амттай байгаа юм. Ерөөсөө Тэргэл хэдэн тааруухан өгүүллэгээ хасаад, зөвхөн энэ Америкийн тухай нийтлэлүүдээ дэлгэрүүлж бичээд “АМЕРИК АМЬДРАЛ БА ГАШУУН ҮНЭН” гэсэн ном хийчихсэн бол сэтгүүл зүйн хувьд тасархай бүтээл болох байжээ. Мөн түүний дөч гаруй өгүүллэг дотор тав зургаан аятайхан өгүүллэг бий. Жишээ нь “Хадам ээж”, “Түлхүүр” “Хойт эх” зэрэг өгүүллэгийг “Утгын чимэг”-т уншуулж гэмээнэ шагналт байранд орчихмоор л юм байна. Гэхдээ арын хаалгагүй бол шүү дээ.
Түүнчлэн энэхүү номонд түүний дал гаруй шүлэг оржээ. Жинхэнэ амьдралыг уран цэцнээр чамирхалгүйгээр, хоосон уянгалалгүйгээр энгийн сайхан урласан түүний шүлгүүд надад л лав таалагдсан. Тэртээ 1993 онд яруу найрагч Д.Урианхай абугай “Х.Тэргэл нь монгол яруу найргийн далайд үерийн эрчтэйгээр цутган нийлж буй, өөрийн гэх тодхон, содхон голдиролтой, элбэг цэнгэг устай, хол ойр нутгийн хэнд ч нэр, зүс мартагдахгүй нэгэн горхи мөн буй хэмээн баярлана” гэж үнэлж байжээ. Яруу найргийн хувьд Х.Тэргэл ийм том үнэлэмжтэй, үүндээ ч дүйж очсон шүлгүүдтэй. Түүний энгийн сайхан шүлгийн мөртүүд олны дунд брэнд болчихсон ч байдаг. Зарим хүн түүний шүлгийг жаахан өөрчлөөд фейсбүүкт өөрийн болгоод тавьчихсан тохиолдол ч олон бий.
Мөн Тэргэлд нэг гайхамшигтай чанар бий. Монголын эмэгтэй найрагчдаас шударга үнэнийг ил цагаан хэлчихдэг, ямар ч хамелион дүр байхгүй, зоригтой, эх орон, эгэл ардынхаа төлөө цөс нь жинхнээсээ буцалж байдаг ганц хүн гэвэл Тэргэл гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч шударга үнэний цаад мөн чанарыг ойлгодоггүй, өнгөн дээрээ дандаа л гоё сайхан дүр үзүүлж байдаг зарим хүн түүнийг “Хэрүүлч” гэж цоллоод байдаг. Чухамхүү улс төрчдөд л байж болохоор зориг зүрх сайтай, шударга ёсны нэг тийм гоё чанар түүний цусанд шингэсэн байдаг. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Шударга эх оронч О.Дашбалбар агсны ойрын садан энэ бүсгүйд нэрт найрагчийн ген шингэсэн ч байж мэднэ. Энэ сайхан чанараа тэргүүн зэрэгт тавиад Монголын улс төрд ороод ирвэл элдэв новшнуудаар дүүрсэн саарал ордныг жинхэнэ бужигнуулж мэдэх л хүн.
Эцэст нь хэлэхэд би түрүүн “Монгол хүн гэхээрээ л зөвхөн Монголынхоо хөрсөн дээр, Монголын тухай бичих ёстой юм биш...” гээд баахан хийрхчихсэн. Тиймээс “Өөрөө юу ч хийгээгүй байж битгий олон юм хуц” гэж зарим нь зандрах байлгүй. Тэгэхээр ганц нэг тайлбар хэлье. Сүүлийн үед би даяарчлагдах үзлээр юм бичээд тун амжилттай яваа. Миний “Айн Жалудын цавчилдаан” туужийн үйл явдал Монголд биш Арабын ертөнцөд өрнөдөг. Энэ зохиолын амжилт нь гэвэл “Төрт ёс-Хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Мөн дөрвөн ч удаа дахин дахин хэвлэгдсэн. Одоо уйгаржингаар Өвөр Монголд хэвлэгдэх гээд зөвшөөрлөө хүлээгээд л байж байна. Өнгөрсөн жил бичигдсэн “Луу амталсан нулимс” романы гол баатар бол нулимсны бүтцийг мэдэрдэг цэвэр хятад хүн. Амжилт нь гэвэл ноднин жил номын дэлгүүрүүдэд хоёр гурван сарын турш бестселлер болсон. Одоо Өвөр Монголын зохиолч Ерэнтэйн Батдалай энэ романыг хятад хэл рүү хөрвүүлэхээр болсон. Энэ жил бичсэн “Хун шувууны инээмсэглэл” туужийн маань үйл явдал Өвөр Монголын Ордост өрнөдөг. Амжилт нь гэвэл “Болор судар” хэвлэлийн газраас зарласан “Монгол тууж”-ийн уралдаанд 63 зохиолчийн бүтээлээс айргийн тавд жагсаж, шагнал гардаж авлаа. Энэхүү туужийг жүжигчин, найруулагч И.Одончимэг маш сайн зохиол болж гэж үнэлээд кино хийх талаар ярилцаж байна. Сэтгүүл зүйн бүтээл болох “Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд” хэмээх Халимаг, Тува, Буриад гээд Нармай таван Монголыг хамарсан төслийн ажил Өвөр Монгол хавьцаа явж байна. Одоо бол Тувагаас “Жаран баатрын бослого” гэж жинтэйхэн том санаа олчихоод түүнийгээ бичиглэх гээд л ядаж сууна. Олон зуун дагалдагчтай Тэргэлээр далимдуулаад өөрийгөө рекламдаад хаячихдаг би мөн ч зальтай хүн байгаа биз?
Төгсгөлд нь Тэргэлд хандаж хэлэхэд бүсгүй таныг гадаадад буй монгол цагаачдын тухай жинхэнэ даяарчлагдсан роман бичих гэж байгаа гэж сонссон. Монголд өнөөдөр эмэгтэй зохиолчид хорь, гучаараа эгнэн суучихаад зарим нь жилд хоёр гурван ч роман “машиндаж” байна. Ном уншихдаа дургүй миний хувьд гэвэл энэ их олон эмэгтэй романчдаас зөвхөн тоож уншсан нь Тэргэл таны “ЭРГЭЖ БҮҮ ХАР” юм. Одоо бол таниас маш чанга роман гарна гэдэгт итгэхээс өөр замгүй боллоо. Түүнчлэн миний дээр өгүүлсэн өрх толгойлсон эмэгтэй, найгаа алдсан архичин, өнчин өрөөсөн хүүхэд, ядуу тарчиг амьдрал мэтийг Монголын уран зохиолд оруулж ирж гэмээнэ бүсгүй минь галтай цогтойхон шиг урлаарай. Ингэж чадахгүй л бол тэдэн рүү “ЭРГЭЖ БҮҮ ХАР”.
Б.ОЙДОВ
Сэтгэгдэл бичигдээгүй байна