БНХАУ-ын англи хэлний багш байсан Жак Ма 1999 онд Алибаба гэх онлайн худалдааны компаниа анх байгуулж байжээ. Тус компани хожим нь 2014 оны 9 сарын 19 өдөр Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа олон нийтэд гаргаж, тухайн үедээ хамгийн өндөр үнэлгээтэй технологийн IPO-оор тодорч байжээ.
Жак Ма нь БНХАУ-ийн түүхэн дэх анхны газрын, уул уурхайн, нефтийн лицензгүй “оюуны тэрбумтан”-аар тодорч байсан. Жак Матай хамтарч Алибабаг байгуулсан 10 хүмүүс долларын тэрбумтан болж, 20 гаруй мянган ажилчид нь долларын саятан болж байсан билээ. Өндөр технологийн компани зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан хөгждөг учир олон улсын төвшинд өндөр технологийн компаниуд ажилчин бүртээ хувьцаа эзэмшүүлдэг жишиг байдгийг Алибаба бас дагасан хэрэг.
Тухайн үедээ Алибаба компани Нью-Иоркын хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаагаа 68 доллараар үнэлж гаргасан боловч, хувьцааны үнэ нь 89.70 доллар хүрсэн өндөр амжилт үзүүлж, хөрөнгийн бирж хаах үед 89.93 долларт хүрч дунджаар 38.07 хувь өсч, 231.4 тэрбум долларын үнэтэй компани болж байсан нь саяхан. Харин өнөөдөр Алибабагийн зах зээлийн үнэлгээ 416 тэрбум долларт байна. Алибабагийн зах зээлийн үнэлгээ 2018 оны 6 сард хамгийн өндөр буюу 546 тэрбум доллар байх үед Жак Ма болон тус компанитай хамаарал бүхий 10 тэрбумтнуудын нийт хөрөнгийн хэмжээ 100 тэрбум долларыг давж байсан нь дэлхийн 136 орны дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан үзүүлэлт байжээ.
Алибабаг үүсгэн байгуулагч Жак Ма нь 1982 онд 10 жилээ төгсөөд их сургуулийн элсэлтийн математикийн шалгалтандаа нэг л оноо авсан гэдэг. 1983 онд 2 дах удаагаа шалгалт өгөөд математикийн оноо нь зөвхөн 19 болж өссөн. Ингээд Жак Магийн аав нь түүнд 3 дугуйтай хүн тэрэг авч өгсөн ба тэрээр өдөр нь хар ажил хийн оройгоор нь математикийн гүнзгийрүүлсэн сургалтад суудаг байж. 1984 онд 3 дах удаагаа шалтгалт өгөн математикийн шалгалтандаа 89 оноо авч, Ханжу хотын багшийн их сургуулийн англи хэлний ангид элсэн, 1988 онд төгсөн, Ханжу хотын Электроникын Шинжпэх Ухааны Их Сургуульд англи хэлний багш болжээ. 1991 оноос эхлэн Жак Ма орчуулгийн товчоо байгуулан бизнест анх хөл тавьсан. Сарын орлого нь 700 юан, харин байрны түрээс нь 2000 юан байв. Тиймээс түрээсээ төлж ашигтай ажиллахын тулд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа хийж байжээ. 1995 онд Жак Ма анх удаа АНУ-д зочилж, интернет гэдэг шинэ бизнесийн салбар гарч ирж буйг ажиглаж, нутаг буцаж ирэн хамтран ажиллаж байсан багш болон эхнэртэйгээ Хятадын Үellow Page гэсэн компаний вэбсайт хийдэг компани байгуулжээ. 3 жилийн дараа тэрээр хамтрагчийн хамтаар 5 сая юаны хөрөнгөтэй болсон байна. 1997 онд БНХАУ-ын гадаад худалдааны яамтай хамтарч засгийн газар, яам агентлагийн вэбсайт болон Хятадын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах вэбсайт үүсгэн байгуулжээ. 2 жил ажилласаны эцэст төрийн байгууллагын хүнд сурталаас залхаж, 1999 онд гадаад худалдааны яамны ажлаас гарч, Алибаба гэх компани байгуулж онлайн худалдааны үйлчилгээ явуулахаар сэтгэл шулууджээ. 2003 онд Алибабагийн хамтрагчдаасаа нууцаар эрдэнэсийн эрэл гэх компани байгуулж байсан ба мөн 2004 онд онлайн төлбөр тооцооны компани хүртэл байгуулж явжээ.
Жак Ма нь өөрийн компаний үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд АНУ-ын Үаhоо, Японы Softbank гэх мэтийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, өнөөдрийн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн Алибаба компанийг хөгжүүлжээ.
1970-аад оноос эхэлж хөгжсөн өндөр технологийн аж үйлдвэрийн компаниуд нь зөвхөн хүний оюуны чадварт тулгуурлан улс орны эдийн засаг, аж үйлдвэрийг хөгжүүлэхээс гадна олон хүнд өндөр технологийн ажлын байр олгож, олон олон ам долларын тэрбумтан болон саятангуудыг бүтээдэгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно.
Жак Магийн бусад залуу энтрепренерууд өгөх нэг том сургамж нь жинхэнэ мэдлэгийн компаний үүсгэн байгуулагч дан ганцаараа баяждаггүй, харин олон арван тэрбумтан, саятангуудыг үүсгэдэгт оршино. Тухайлбал, Жак Ма үүсгэн байгуулсан компанийхаа 10 гаруйхан хувийг л эзэмшдэг. Үүнтэй адилаар Майкрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс үүсгэн байгуулсан компанийхаа ердөө 1 хувийг л эзэмшдэг. Энэхүү эзэмшлийн хувиа цаашид ч багасгах тухайгаа олон нийтэд зарлаад буй.
Өнөөдөр Монголчуудын мөнгө олох ганц гарц нь Таван Толгойн нүүрс, Оюу Толгой, Эрдэнэтийн алт, зэс, молибдэн болжээ. Үүн дээр нэмэгдээд хэдэн малын мах, арьс шир ноос. Сүүлийн үеийн мэдээнээс харвал Монгол хүнийг ямар нэг хэлбэрээр хил давуулах наймаа нэмэгдэх төлөвтэй.
Ийм хязгаарлагдмал, боогдмол нөхцөлд бид хэрхэн жинхэнэ “Монгол оюуны тэрбумтнуудыг” бүтээх вэ? Нөөц бололцоогоо хэрхэн ашиглах вэ?
Монгол оюуны тэрбумтнуудыг үүсгэх шинжлэх ухааны дэд бүтэц, инженерчлэлийн дэд бүтэц, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэхээс гадна чиглэл бүрийн магистр доктрантурын сургалтыг эрчимжүүлж, инновацийн бүх төвшний салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын иж бүрэн тогтолцоог үүсгэн байгуулах тулгуур ажлыг эхлүүлэх шаардлагатай ба энэ нь ердөө л их ажлын эхлэл.
Дэлхийн оюуны тэрбумтаны өлгий нутаг болсон АНУ-ын Цахиурын Хөндий (Silicon Valley) дахь технологийн компаниудын удирдлагад Энэтхэг гаралтай хүмүүсийн эзлэх хувь Хятад гаралтай хүмүүсээс олон байгаагийн нууцыг дэлхийн олон орон судалж байна. Станфорд их сургуулийн судлаачдын дүгнэснээр бол Энэтхэг гаралтай хүмүүсийн зохион байгуулалттай нийгэмлэг, клуб нь АНУ-ын Цахиурын Хөндийд олон байдаг гэнэ. Энэ байгууллага, нийгэмлэг, клубуудаар дамжуулан Энэтхэг гаралтай дэлхийн удирдагчдыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа явуулдгаар нь бусад үндэстнээс илүү хүчтэй байдаг гэж дүгнэсэн байна.
Дэлхийн Монгол оюуны тэрбумтаныг яаж бий болгох вэ гэвэл Монголын энтрепренерууд, өндөр технологийнхон бусад улс орны туршлагыг судалж, Израйл, Финлянд, Албани, Энэтхэг, Тайван, БНХАУ-тай адил АНУ-ын дэлхийн тэргүүний их дээд сургуулиудад "Харвардын Монгол Клуб", "MIT Монгол Клуб", "Станфордын Монгол Клуб", Цахиурын хөндийн Монгол клубуудыг хамтран үүсгэн байгуулж санхүүжүүлэхээс гадна Израйл улсын “ YOZMA GROUP” (20-хон сая ам доллартай эхэлсэн хөрөнгө оруулалтын сан) венчюр капиталын хөрөнгө оруулалтын сантай адил Монголын хөрөнгө оруулалтын санг үүсгэж, тус сангийн салбаруудын сүлжээг дэлхий дахины өндөр технологи хөгжиж буй орнуудад байгуулан ажиллах нь Монгол гаралтай оюуны тэрбумтангуудыг бүтээх нэг гарц болно.
Дэлхий дахинд "хүлээн зөвшөөрөгдсөн" Монгол гаралтай оюуны тэрбумтанууд олноор төрж, нам дамнасан, газрын, уул уурхайн лицензээр дагнасан авилгачин тэрбумтнуудаас Монголын ард түмэн ангижирч, нийт хүн төрөлхтөний сайн сайханы төлөө хийж бүтээх цаг айсуй.
Моралтай Монгол Сан
Сэтгэгдэл бичигдээгүй байна