О.Гэрэлт-Од: Ямар судалгаагаар иргэдээ ХАР ЖАГСААЛТАД оруулж байгаагаа Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлах ёстой

2021/03/29

МЗХ-оос ХАР ЖАГСААЛТАД орсон иргэдийг чөлөөлөхийг Монгол банкнаас хүсч, төв талбай дээр гарын үсэг цуглуулж буйг ЗӨВ.МН сурвалжиллаа.

МЗХ-ний Ерөнхийлөгч О.Гэрэлт- Од хэлэхдээ:

''Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж хэлэхэд Та бүхэл бүтэн улсын төв банкийг удирдаж байж ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, ард иргэдийнхээ талд үйлчлэх ёстой байж, ард иргэдээ ингэж үл тоогоод банк санхүүгийн байгууллага, ААН-ын талд ажиллаад үйлчлээд байгаад харамсаж байна. Та бидний албан бичгийн хариуг хугацаанд нь өгөөгүй, залуучууд биднийг ийм алхам хийхэд хүргэлээ. Бид таныг бараг сар хүлээлээ. Бид эвээр шийдье, хэлэлцээрийн ширээний ард сууя гэдэг саналыг танд гурван удаагийн албан бичгээр хүргүүлсэн. Хоёр удаа танай байгууллагын үүдэнд хэвлэлийн хурал хийсэн. Та нэгийг нь ч хүлээж аваагүй тул  ийнхүү төв талбай дээр цуглалаа. Цаашдаа тэмцэл үргэлжлээд шийдвэр гарах хүртэл явна.

Залуучууд төрөөс мөнгө гуйгаагүйг ойлгоорой.

Авсан зээлээ тэглүүлье гэж гуйгаагүйг ойлгоорой.

Гэмт хэрэг хийчхээд өршөөл үзүүлээч гэж гуйгаагүйг ойлгоорой.

Зээлийн төлбөрөө нэг удаа хоцроож төлсөн төдий, эсвэл өөрөө ч мэдэлгүй хар жагсаалтад орсон хүмүүс байгаа. Тиймээс бүх иргэддээ тэгш боломж олгож, 3%-ийн хүүтэй зээлд хамрагдах боломж өгөөч ээ.

Дэлхийн улсуудын хэд нь манайх шиг ХАР ЖАГСААЛТ-ыг нэвтрүүлдэг юм бэ? Хэд нь тэр жагсаалтаа 6 жил хадгалдаг юм бэ? Муу түүхийг нь хадгалж, ялгаварлан гадуурхах биш, сайн түүхийг нь хадгалаад явдаг байх. Хар жагсаалт нь хүнийг ялгаварлан гадуурхаж хүний эрхийг зөрчиж байна. Ямар судалгаагаар иргэдээ ХАР ЖАГСААЛТАД оруулж байгаагаа Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлах ёстой.''



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.176
    2021/03/30

    Залуучууд зээл авсан бол тэрийгээ хариуцлагатайгаар төлж сурах хэрэгтэй. Дараа төлбөрт утасныхаа төлбөрийг ч гэсэн хугацаанд нь төлөхгүй бол хар жагсаалт руу алхам алхамаар ордог гэдгээ ойлгох хэрэгтэй. Тооцоогүй зээл авах, дараа төлбөрт утас хэрэглэхээ болих хэрэгтэй.

    Хариулах