Энэ жилийн Персейдийн солирын үеэр хавирган сар гарах тул од харвах үзэгдэл илүү тод харагдах бөгөөд солирын борооны оргил үе нь 8 дугаар сарын 11-нээс 13-ны хооронд тохиож байна. Та энэ үеэр хотоос гарч, гэрлийн бохирдлоос хол газарт очвол нэг цагийн дотор 60 хүртэлх од харвах үзэгдлийг ажиглах боломжтой.
Эртний Грекийн домогт Персей нь Зевс бурхан болон мөнх бус Данае нарын хүү гэж гардаг. Үүнээс уламжлан Персейдийн солир болох үеэр Зевс бурхан Персейгийн ээж Данае дээр очсон үеэ дурсан санаж буй хэмээн үздэг ажээ.
Жил бүрийн 8 дугаар сарын 10-наас 20-ны хооронд "109P/Свифт-Таттл" сүүлт од дэлхийн тойрог замыг дайран өнгөрөхөд Персей орд дахь солирын урсгал бидэнд харагддаг.
Сүүлт од гэдэг нь нарыг тойрч буй хэврэгдүү тоосонцроос бүтсэн биет бөгөөд нарыг тойрох замдаа үлдээсэн жижиг биетүүд нь дэлхийн агаар мандалд нэвтэрч солирын бороог үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл 150 мянган км/цаг -аас их хурдтайгаар урсаж буй сүүлт одны бөөмсүүд дэлхийн агаар мандалд нэвтэрч, тэндээ шатаж буй нь бидэнд од харвах үзэгдэл болж харагддаг ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна