Дэлхийд "Мөстлөгийн үе” эхэлж, дэлхийн дулаарал удааширсан уу

Zuv.mn
2023/08/29

Сүүлийн жилүүдэд наран дээрх хар толбо бүдгэрч, бараг харагдахгүй болжээ. Энэ шинж тэмдэг наран дээрх дэлбэрэлтийн эрчим багасч, идэвхжил нь саарсныг илэрхийлдэг бөгөөд үр дүнд нь дэлхий дээр туйлын туяа илтэд бүдгэрч, Санкт Петербург, Их Британи зэрэг газарт ажиглагдахаа больдог байна. Хамгийн гол нь цаг уурт нөлөөлдөг ажээ.

Уур амьсгал хүйтэрч, галт уулс идэвхжих ойрын ирээдүй

“Наран дээр толбо үгүй болж байгаа. Ингэснээр дэлхий рүү илгээх дулааны эрчим хүч багасч манай гариг дээр бага “Мөстлөгийн үе” эргэж ирэх болно. Ойролцоогоор 2050 он хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа. Энэ бол дэлхийг бохирдуулсны төлөө хүн төрөлхтөнд илгээж байгаа сануулга” гэж Нортумбрийн их сургуулийн эрдэмтэн Валентина Жарова ярьж байна.   

Тэрээр нарны толбо бүдэгрэх үзэгдлийг судлаад тодорхой давтамжтай, тэр бүрт дэлхийн цаг уур эрс хүйтэрч байсныг  баталжээ. Хамгийн сүүлд XVII зуунд энэ үзэгдэл болсон бөгөөд 1745-1700 оны хооронд дэлхийн цаг уур эрс хүйтэрч, хэзээ ч хөлддөггүй Темза мөрөн энэ хооронд хэд, хэдэн удаа хөлдөж байжээ.        

Нарны нөсөө толбо багассаны уршиг дэлхий дээр хүйтрэлтээс гадна өөр гамшгийг ч дагуулна гэсэн таамаглал хэлдэг эрдэмтэд ч бий. Тухайлбал, Австралийн Монашийн их сургуулийн профессор Майкл Браун энэ үзэгдэл нь дэлхий дээрх галт уулсыг идэвхжүүлнэ гэж үзжээ.

Дэлхийд ч нөлөөлөх хүчтэй “Нарны толбо” гэж юу вэ

Наран дээрх толбонуудыг AR1  AR2, AR3... гэхчлэн нэрлэдэг бөгөөд энэ нь Active region буюу идэвхитэй бүс гэсэн үгийн товчлол юм. дэлхийгээс ажиглахад өчүүхэн жижиг хэмжээтэй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ дэлхийгээс 2-3 дахин том буву өргөөшөө 200 000 километрийн хэмжээтэй байдаг. Энэ нь нарыг бүрдүүлэгч бодисууд халаад гүнээс дээшээ хөвөн гарч ирэх буюу хөрөөд доош живж, байнгын хөдөлгөөнтэй байгааг харуулдаг. Эдгээр толбонуудын соронзон орон нь маш хүчтэй энерги агуулах бөгөөд өөр плазмануудын соронзон оронтой үйлчлэлцсэний улмаас тасардаг. 


Соронзон орны шугам ийнхүү тасрахад хадгалагдаж байсан эрчим хүч нь чөлөөлөгдөж, нарны гадарга дээр асар хүчтэй, дэлхий дээрх бүх цөмийн бөмбөгийг нийлүүлээд хэд дахин үржүүлснээс ч илүү хүчтэй дэлбэрэлт болдог. Зарим нэг ийм дэлбэрэлт нарны гадаргын жижиг хэсгийг /жижиг гэж байгаа ч хэдэн тэрбум тонн/ сансарт шидэлж ч чаддаг байна. ийм дэлбэрэлтийн үеэр үүссэн эрчим хүчний нэгээхэн хэсэг нь биднийг чиглэдэг бөгөөд манай гаригийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж, туйлын туяаг бий болгодог байна.  

Дулаарлын эрч саарах ч зогсохгүй

     “Агаар дахь нүүрсхүчлийн хий 17 дугаар зууны үетэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн. Тиймээс уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл нь тэр үеийнхээс бага. Гэсэн ч хүйтрэлт хүн бүрт мэдрэгдэх болно” гэж Редингийн их сургуулийн профессор Майк Локвуд хэлж байна. Нөлөөлөл Холливудын кинонд гардаг шиг илт биш ч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтад хүмүүс ч дасан зохицож байгаа учраас хүйтрэлт хангалттай мэдэгдэж, төвөг учруулна гэсэн санааг тэрээр илэрхийлжээ. Гэхдээ харамсалтай нь, хэдий “Мөстлөгийн үе” ирэх ч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг хэсэг хугацаанд л сааруулахаас бүрмөсөн зогсоох боломжгүй гэдэгт энэ чиглэлээр судалгаа хийдэг бүх эрдэмтэд санал нэгдэж байна.

Дээр өгүүлсэнчлэн, нарны толбо хамгийн сүүлд XVII зууны үед 50 жилийн турш алга болж байсан бол энэ удаад хэрхэхийг мэдэх ямар ч боломж байгүй гэдгийг эрдэмтэд мөн онцолж байгаа юм.  

Бага “Мөстлөгийн үе” хүн төрөлхтний боломж байж мэднэ

“Дэлхийн дулаарал”, “Уур амьсгалын өөрчлөлт” гэсэн сэдэв сүүлийн жилүүдэд дэлхий дахины анхаарлын төвд байгаа ч арлын жижиг улсууд л жинхэнээсээ түгшиж, утаа үйлдвэрлэгч жинхэнэ “мангас”-ууд нь үл тоох маягаар хандаж байгаа нь гашуун боловч үнэн. Дэлхий даяар ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн ихэнхийг гаргадаг АНУ, Япон, Европын аж үйлдвэржсэн орнууд жижгүүддээ “Та нар утаагаа багасгачих бид урамшуулал олгоё” хэмээн утаа багасгахаас цааргалж буй. Хамгийн ойрын жишээ нь 2015 онд Парист болсон НҮБ-ын 21 дүгээр бага хурал. Тэгэхэд дэлхийн 150 орны төр засгийн тэргүүн оролцож, хүлэмжийн хий ялгаруулалтаа 2030 он гэхэд Швейцарь 50, Европын холбоо 40, ОХУ 30 хувь бууруулахаа амлаж байв. Гэвч удалгүй АНУ хэлэлцээрээс гарч, хүлэмжийн хий мууруулах механизм одоо болтол ойлгомжгүй байдалд байгаа. 2009 онд Копенгагенд болсон хурал ч эхэндээ мөн ийм байгаад сүүлдээ бүх амлалт нь цаасан дээрээ үлдэж байсан.

Хэрвээ эрдэмтдийн зөв байгаад, Бага мөстлөгийн үе гээч нь эхэлж, дэлхийн дулаарал саарвал энэ нь хүн төрөлхтний хувьд хугацаа хожиж байгаа хэрэг бөгөөд дорвитой ажил хийх сайхан боломж олдож байгаа хэрэг юм.  

Уур амьс­галын өөрчлөлтөд хамгийн их хохи­рол амсч байгаа арлын орнууд лобби бүлэг байгуулж, их гүрнүүдээс хүлэмжийн хий бууруулах амлалт биш, 2010 онд ший­дэгдсэн Байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх “Ногоон сан”-гийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг шаардаж буй.

Гэхдээ асуудал “Ногоон сан” ажилласнаар бү­рэн шийдэгдчихгүй, илүү их хөрөнгө мөнгө, хүчин чармайлтыг бүх улс орон, нийт хүн төрөлхтнөөс  шаардаж байгааг НҮБ анхааруулсаар байгаа. НҮБ-ын Хүрээлэн буй орч­ны төсөл (ХБОТ) Рио де Жанейрод явагдсан 20 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд судалгаа хийгээд “Ногоон эдийн засагт шилжихэд ДНБ-ийхээ 1-2 хувийг жил бүр зарцуулж байж 10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрнэ”  гэж дүгнэсэн байдаг. Уг судалгаанд дэлхийн ДНБ-ийг 75 триллион ам.доллар гэж багцаалаад жилд 1.3 триллион ам.долларыг хам­­­гийн чухал 10 салбарыг “ногооруулах”-д зарцуулах ёс­той хэмээн дурдсан байдаг юм.    Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арил­гахад зарцуулагдаж байгаа. Тиймээс дээрх хэмжээний зардлыг улс орон бүр, тэр тусмаа АНУ, Энэтхэг, БНХАУ гурав зайлшгүй гаргах шаардлагатай бөгөөд ингэж байж л НҮБ-ын ХБОТ-д төсөөлсөн иргэдийн баял­гийг нэмэгдүүлэх, хэрэг­цээг хангалуун байлгах зорилтыг хангасан, байгаль орчинд хоргүй “Ногоон эдийн засаг”-ийг цогцлоож, дэлхийн дулаарлыг удаашруулж чадах юм.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна