Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

2021/05/11

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хэлэлцэх асуудлаас анхаарал татаж байгаа асуудал нь Г.Ганболд тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Манай улс 2017 онд ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орохдоо олон үүрэг хүлээсэн. Үүний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх явдал байлаа. Үүний дагуу 2017, 2018 онд тус бүр хоёр хувиар гэх мэтээр нэмэгдсээр 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 26-28 болж нэмэгдсэн. Иргэд сонгогчдын зүгээс, МҮЭ-ийн байгууллагаас УИХ-ын гишүүдэд удаа дараа энэ асуудлаар ханджээ. Тиймээс Г.Ганболд тэргүүтэй гишүүд хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авсны дагуу төслөө өргөн бариад байгаа юм. "Энэ хуулийг баталж хэрэгжүүлснээр иргэд болон ажил олгогчдын нуруунаас жилд 190 гаруй тэрбум төгрөгийн ачааг авна. Нөгөө талаасаа Засгийн газар төсөвтөө тодотгол хийж энэ зөрүүг арилгах боломжтой гэж үзсэн" хэмээн хууль санаачлагчид хэлж байлаа. 

Цар тахалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Тиймээс энэхүү хуулийг ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж төслөө боловсруулжээ. Хууль батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар буурах юм.

Байнгын хороодоор өөр ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүн 2021.05.04-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.04.29-нд өргөн мэдүүлсэн,  анхны хэлэлцүүлэг/.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.71.189
    2021/05/12

    Энэ тэтгэврийн хуулины сүүлийн 20 жилийн доторх 7 жилийн дундаж цалингаар тэтгэвэр тогтооно гэдэг заалтыг өөрчөөд , ажилласан нийт хугацаан доторх 5 жил гээд оруулаад өгвөл арай л эерэг нөхцөл үүсэхээр байна шүү хэлэлцээд өгөөрэй. Энэ бол одоо тэтгэвэр лүүгээ дөхөж байгаа ахмадуудад том бэлэг болох юмаа , Одоогийн хуулиар бол тэтгэвэтрээ гарах гэж буй хүмүүс эмзэг бүсийн ангал руу явж байгаа шүү. Уг нь урд зүгээр л байсан юм билээ 2017 оноос эхэлсэн өөрчлөлт бол харийн хүмүүсийн заавраар зүгээр байгаа хуулиа засаж ийм айхтар зүйлийг оруулсан юм билээ Бодвол Чинзориг гэдэг нөхөр л хийсэн юм шиг байгаа юм

    Хариулах