ТАНИЛЦ: Бүжиглэдэг ''тогосон'' аалз


Австралийн өмнөд эргээс эрдэмтэд тогосон аалзны 7 шинэ зүйлийг нээн илрүүлжээ. Хүмүүс аалзнаас айж жихүүцдэг ч гэлээ өнгөлөг тод судал, өхөөрдөм төрхтэйгөөс гадна бүжгийн чамлахааргүй авьяастай тогосон аалзыг сонирхож судлах нь их байдаг юм байна. Ийм ч учраас тогосон аалзыг аалзнаас айх өвчнийг эмчилдэг хэмээн эрдэмтэд хошигнодог.

It's Dance or Die for the Peacock Jumping Spider | EWC

Тэгвэл Австралийн биологич Юрген Отто өөрийн хамтрагч Дэвид Нөүлезийн хамт энэ гайхамшигт аалзны 7 зүйлийг шинээр нээжээ. Ингэснээр тогосон аалзны төрөлд хамаардаг нийтдээ 48 зүйл шинжлэх ухаанд бүртгэгдлээ. Эрэгчин тогос үржлийнхээ үед эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд өдөө дэлгэн бүжиглэдэг. Тогосон аалз яг үүнтэй адил эмэгчнийхээ өмнө гоёмсгоор бүжиглэдэг байна. Үзэсгэлэнтэй хээ судлаа гайхуулж, эмэгчнээ татахыг хичээх тогосон аалзыг биологич Отто олон жил судалж, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээ хуудсуудад байршуулсаар ирсэн юм. Үүгээрээ Юрген Отто аймшигтай, ой гутам, аюултай гэж аалзыг зөвхөн сөрөг талаас нь ойлгодог хүмүүст шинэ өнцгөөс аалзыг сурталчлан таниулахыг зорьдог байна.

Return of the Dancing Peacock Spiders | WIRED

Аалзнаас айх өвчтэй хүмүүс ч түүний бичлэгийг үзээд тогосон аалзыг өхөөрдөж эхэлдэг гэж Отто биологич ярьж байна. Харин түүний хамтрагч Дэвид Нөүлез шавжны зураг авах чиглэлээр дагнан мэргэшсэн нэгэн. Тэрбээр “Спайнлес Вондерс” буюу “Сээр нуруугүй гайхамшигт амьтад” гэх төслөөр шавжны тухай олон нийтэд боловсрол олгож байгаа юм. Цаашид хоёр судлаач хамтран шинэ төрөл зүйлийн эрлээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ердөө 4 миллиметрийн урттай энэ жижиг шавжийг сайн хайвал Австралийн өмнөд муж нутгуудаас олох амархан гэдгийг судлаачид хэлж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна