СУРВАЛЖЛАГА: 15 настай А.Хөгэлүн охины анимэ зургийн үзэсгэлэн


Анимэ гэдэг нь англи хэлний “animation” гэсэн үгийн япончилсон хувилбар бөгөөд ямар ч төрлийн хүүхэлдэйн киног зохиол, зураглал, хийсэн улсыг нь үл харгалзан Япондоо "Анимэ" гэж нэрлэдэг байна. 

Уг чиглэлээр бүтээлээ туурвидаг 15 настай  А. Хөгэлүн охин өөрийн үзэсгэлэнгээ танилцууллаа. Түүний бүтээл нь дан ганц цаасан дээр бус бүх төрлийн биет дээр амилуулах боломжтойгоороо онцлог юм.

Channel 11 телевизийн захирал Б.Болдбаатар:

“А.Хөгэлүн гэдэг охин анимэ дүрслэл, зураглалыг гаргаж ирээд хөгжүүлж байна. Тэр тусмаа энэ зургаараа үзэсгэлэн гаргах хэмжээнд очсон байна гэдэг сэтгүүлч бидний хувьд бол маш сайхан мэдээ. Анимэ зургийг монгол хэв маяг руу оруулж зурсан нь бидний сонирхолыг маш их татсан. Сүүлийн үед япон анимэ баатрын дүрд хувирсан охид залуучууд явах болсон нь хотод бас нэгэн шинэ соёлыг авчирч байна гэж харж байна. А.Хөгэлүн охинд анимэг монгол онцлог руу оруулан монгол хэв шинжийн анимэ гаргаж ирэх, 100, 200 цуврал ном гаргах санааг Хүннү мото клубийн зүгээс тавьж байна гэлээ.

А.Хөгэлүн охины ээж П.Гэрэлмаа:

“Охин маань манга хэлбэрээр зургаа зурдаг. Манга нь баатар болгоны дүрс хэлбэрийг хар цагаанаар,нэг бүрчлэн зурна гэсэн үг. Мөн монголын үндэсний  хэв маягийг тусгасан хэд хэдэн бүтээл байгаа. Охин маань багадаа зурдаг байсан ч хичээлээ хий гээд болиулчихсан байсан. Харин хөл хорионы үеэр охиныгоо дэмжээд уран бүтээлээ гаргахад нь тусалсан. Ямар ч хүнээс заавар зөвлөгөө аваагүй өөрийнхөө торгон мэдрэмжээр эдгээр бүтээлүүдээ гаргасан. Охиноороо маш их бахархаж байна, баярлаж байна” гэв.

А.Хөгэлүн:

“Би найман наснаасаа эхэлж зураг зурж эхэлсэн. Анимэ зурна гэвэл манга хэлбэрээр зурах ёстой, хар цагаанаар зурна. Анимэ зурах шалтгаан нь тухайн анимийн зохиолчийн зурах хэлбэр нь надад таалагдсан. Үеийн хүүхдүүддээ хандаж хэлэхэд анимэ үзэхдээ ойлгож үзэх хэрэгтэй. Зурах дуртай бол зураглалыг нь харах хэрэгтэй. Цаашдаа өөрийнхөөрөө энэ хоббигоороо л явна гэж бодож байгаа” гэлээ.


Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна