Монгол шүүгч мэргэжлийн ур чадвараа харуулан олон улсын тамирчдад дүн тавьж байна

Өчигдөр 14 цаг 35 минут

“Токио-2020” зуны олимпын наадам монголчууд бидний хувьд өмнөх олимпуудаас илүү үзүүштэй болж байна. Энэ  олимпод жүдогийн төрлөөр нэг, байт харваагаар нэг, бокс хоёр, хүндийн өргөлтийн төрөлд нэг Монгол шүүгч мэргэжлийн ур чадвараа харуулан олон улсын тамирчдад дүн тавьж байна. Тэдний нэг нь хүндийн өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэл. Одгэрэл шүүгчийг онцлох болсон нь спортын бусад төрлийнхөн голдуу ил байдаг бол энэ төрлийнх сууж ажилладаг болохоор үзэгчдэд харагдахтай үгүйтэй ажилладаг. Тиймээс “Токио-2020”-д Монгол Улсаараа овоглон, цоллуулан буй шүүгч Л.Одгэрэл шүүгчийн талаар мэдээлэл хүргэе. 

Тэрбээр “Токио-2020” олимпын наадам шүүх эрх авсан Монголын анхны эмэгтэй шүүгч. Мөн олимпын наадмын финалын тоглолтыг дэнсэлсэн анхны МОНГОЛ. Энэ сарын 24-нд эмэгтэйчүүдийн 49 кг-ын жингийн финалыг шүүхэд олимпын дээд амжилт тогтоосон нь онцлох үйл явдал байлаа. Одоогоор олимпын дөрвөн аваргын өргөлтийг шүүж, нэмээд дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн тэмцээнийг шүүжээ. Мөн олимпын наадамд хамгийн олон тэмцээн болон финал шүүсэн Монголын анхны шүүгч болов.

Монголд хүндийн өргөлтийн төрөл үүсэж, хөгжсөн 60 гаруй жилийн түүхэнд олимпод хоёр тамирчин, шүүгчтэйгээ орж байсан нь үгүй. Олимпын тоглолтыг багш нь шүүж, шавь нь өрсөлдөж байгаа нь ч онцлох үйл явдал.

Олимпын наадмын шүүгч Л.Одгэрэл 2013 онд Зүүн азийн наадам, 2017 онд Азийн танхимын наадам, 2017 онд Зуны “Оюутны универсиад” их наадам, 2018 онд Азийн наадам, мөн онд Залуучуудын олимпын наадам шүүсэн. “Токио-2020” бол түүний зургаа дахь наадам. Зөвхөн хүндийн өргөлтийн төрөлд төдийгүй Монголын спортын шүүгчдийн дунд түүн шиг зургаан наадмыг шүүн тунгаасан шүүгч үгүй гэдэг. Мөн ДАШТ –ийг найман удаа шүүж, Дэлхийн цомын хоёр тэмцээн дэнсэлсэн шүүгч юм.

Л.Одгэрэл их спортод түүх бүтээсээр яваа даруухан монгол эмэгтэй. Исламын шашинтай Иран улсад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажилласан анхны эмэгтэй тэрбээр исламын шашинтай орнуудын эмэгтэй тамирчдыг олимпод оролцох боломжийг нээж, хувцас, өмсгөлийн стандартыг тогтоосон мэргэжилтэн. Энэ бүхнийг чамбай бөгөөд чимээгүйхэн амжуулсан, үргэлжлүүлэн ажилласаар буй хөдөлмөрч бүсгүй.

Онцгой цаг үе, нөхцөлд байдалд гойд сонирхолтой болж буй “Токио-2020” наадмын тэнгэрт хүндийн өргөлтийн тамирчид төрийн дуулалаа эгшиглүүлж, далбаагаа мандуулаагүй ч онцгой амжилттай оролцлоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна