Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат. Б.Хонгорзул нь эхээс хоёулаа, айлын том охин юм. 2011 оноос анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өсвөр үеийн 2014 оны УАШТ-нд нэг үзүүрлэн, 2015-2018 онуудад завсаргүй дөрвөн удаа түрүүлсэн юм.
2019 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Харин түүний дараа буюу 2020 онд УАШТ-д анх удаа түрүүлж чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Иван Ярыгиний "Алтан гранпри"-гээс хүрэл медаль хүртжээ.
Түүний дасгалжуулагч “Байдрагийн хүчтэн” чөлөөт бөхийн клубийг 10 жил нэр төртэй авч явж, олон сайхан хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн гаргаж ирсэн С.Мөнхдуулдах гэж хүн бий. Уг клубээс олимпд анх удаа барилдах гэж буй тамирчин нь Б.Хонгорзул юм.
Б.Хонгорзул нь энэ оны дөрөвдүгээр сард Казахстанд болсон олимпын эрх олгох тэмцээнд анх удаа оролцон түрүүлж, олимпд барилдах эрхээ авсан байна.
Монголын багийн хамгийн залуу тамирчдын нэг, 20 настай Б.Хонгорзул өнөөдөр олимпын наадмын дэвжээнд хүч үзэж шөвгийн наймд шалгарлаа.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна