Гашуунсухайтын боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орлоо


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа.

Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ.

Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан.

Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж дуусгалаа.

Терминал барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулж, улсын комисс хүлээн авав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингэлэгт тээврийн терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт КОВИД-19-ын халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, улмаар ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон Аймгийн онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа болон холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. 

Чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Таван толгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг Ерөнхий сайд хэлээд чингэлэгтэй нүүрс ачсан автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болголоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна