Г.Ёндон: Манай улс аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун тээвэрлэн авчрах боломжгүй болсон


Даваа гарагаас эхлэн нийслэлийн шатахуун түгээх станцуудад АИ 92 бензиний хомсдол үүсээд байсан юм. Тэгвэл УУХҮЯ-наас шатахууны асуудлаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийж байна. 

Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон: “Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийгдэж байгаа.

Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.

Гэвч ОХУ-аас аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн.

Шатахуун импортлогч ААН-үүдийн тухайн жилд бүрдүүлэх нөөцийг Засгийн газраас баталдаг. Учир нь жил бүр манай хэрэглээ өссөөр байна. ААН-үүд нөөц бүрдүүлэлтэд хангалтгүй ажилласан.Энэ зах зээлийг хувийн хэвшил 100 хувь хангадаг. Хэрэв шатахууны хомстол дахин давтагдвал шатахууны жижиглэн худалдааг төр өөрөө зохицуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм байдал үүсэхгүй болов уу.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүссэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байгаа" гэв. 

Харин Импортлогч ААН-ийг төлөөлөн Петровис компанийн төлөөлөл дараах мэдээллийг өглөө: 

"Бид төвийн бүс болон нийслэлд 30 мянган төгрөгийн л борлуулалт хийж байна. Манай компани төвийн бүсэд 4, нийслэлд 3 хоногийн нөөцтэй байна. "Роснефть" компаниас захиалсан хэмжээндаа авч чадаагүй. Эмнэлэг, цагдаа гэх мэт байгууллагад заавал шатахуун нийлүүлэх үүрэгтэй тул хязгаарлалт тавьж байна. Одоогийн байгаа шатахуунаа хүргэхийн тулд өдрийн 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоосон" гэлээ. 

"М-Ойл" компанийн дэд захирал:  
Бид литр тутамд 50 төгрөгийн алдагдал хүлээж байна. АИ-92-ийн борлуулалтаас сард 600 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Улс нөөц бүрдүүлсэн бидэнд томоохон дэмжлэг боллоо. Энэ оны сүүлээр манай санхүүгийн үзүүлэлтүүд тааруу гарахаар байна гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна