Харааны бэрхшээлтэй оюутан ба цахим хичээл


Оюутан Т.Эрхэс харааны бэрхшээлтэй ч багшийн мэргэжил эзэмшихээр МУБИС-д суралцаж байна. Тэрбээр энэ жил дөрөвдүгээр курсийн оюутан. Түүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл нь цахим хэлбэрт шилжсэн нь том сорилт болон хувирчээ. Учир нь  цахим хичээл харааны бэрхшээлтэй оюутанд зориулагдаагүй учраас заавал хажуудаа хүн байлгах шаардлага үүссэн байна. 

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач

  • Намайг Т.Эрхэс гэдэг. МУБИС-ийн түүхийн тэнхимд суралцдаг. Одоо дөрөвдүгээр курсэд суралцана. 

Гурван хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд цахим, танхим хосолно гэсэн. Цахимаар хичээл ороход танд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учирдаг уу?

  • Миний хувьд бүрэн хараагүй. Манай сургууль өмнөх жилүүдэд цахим хичээлийг Microsoft Teams, оюутны сүлжээ, фейсбүүк бүлгэм гэсэн гурван платформыг түлхүү ашигласан. Тухай үед цахим хичээл хийхэд заавал бусдаас дэмжлэг авах нөхцөл байдал үүсдэг байсан. Тухайлбал,
  • Нэгдүгээрт, харааны бэрхшээлтэй хүмүүс цахимаар хичээл хийхэд заавал дэлгэц унших программ ашигладаг. Гэтэл манай сургуулийн ашигладаг Microsoft Teams нь дэлгэц унших программыг дэмжихгүй тохиолдол бий. Мөн багш нар хичээлийн даалгавар, унших материалыг шууд зургийг нь дараад оруулчихдаг. Энэ нь дэлгэц унших программ ажиллахгүй байхад хүргэдэг. Өөрөөр хэлбэл, энэ унших программ нь зурган мэдээллийг уншдаггүй, зөвхөн бичгэн мэдээллийг л уншдаг. Тийм учраас бид нарын хувьд заавал бусдаас дэмжлэг авах шаардлага үүсдэг. Багш нар үүнийг зургаар биш PDF, Word файл болгон оруулбал энэ асуудал шийдэгдэх байх.
  • Хоёрдугаарт, семинар бэлтгэхэд хүндрэл гардаг. Учир нь цар тахлын үед номын сан хаалттай байдаг. Үүнээс болоод унших, сурах бичиг гар дээр бэлэн байдаггүй учир цахим номын санд хандах хэрэг гардаг. Гэтэл цахим номын сан нь ажиллахгүй үе их бий. Ийм нөхцөл байдалд сурах бичгийн хомстол үүсэн хичээлээ хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг.
  • Гуравдугаарт, тэнхимээр орсноор бид нар илүү багш нартай амьд харилцаа үүсгэх боломжтой. Мэдэхгүй зүйлсээ дор бүр нь асуугаад явчихдаг. Ер нь текстэн мэдээлэл авч, бие даалт утасны цаанаас явуулдаг их сургуулийн боловсрол олголт өөрөө их буруу юм шиг санагдаж байгаа. Энд мэдлэгээ боловсруулах үйл явц байхгүй болоод байна. Мөн оюутан, сурагчдын хувьд гэрт байхад анхаарал төвлөрөл нэг өөр, сургууль дээр байхад анхаарал төвлөрөлт бас нэг өөр байдаг. Сурах орчин их чухал шүү дээ.

Цаашид цахимаар орох тохиолдолд юуг илүү сайжруулах хэрэгтэй гэж харж байна вэ?

  • Сурах бичгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Мөн дэлгэц унших программыг сургуулийн захиргаа, багш нарын зүгээр анхаарах хэрэгтэй байх. Сүлжээний асуудлыг ч шийдэх хэрэгтэй. Сүлжээ муу байх тохиолдолд багшийн яриа тасалдах, автоматоор гараад явчихдаг тохиолдлууд их байдаг.

Энэ мэтээр харааны бэрхшээлтэй оюутан цахимаар мэдлэг боловсрол авах нь бэрхшээлтэй асуудлаар дүүрэн байдаг аж. Тэд ийм байдалтай гурав дахь хичээлийн жилтэйгээ золгож байна. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо их дээд сургуульд харааны бэрхшээлтэй 31 оюутан суралцаж байгааг бүртгэлжүүлжээ. Энэ тоог нийт хараагүй иргэдтэй харьцуулах юм бол ердөө 0.3 хувь нь л дээд боловсрол олж авахаар суралцаж байна гэсэн үг юм.

МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Гэрэл "Цар тахлын энэ үед хараагүй оюутнуудад тулгарсан нэг асуудал нь цахимаар хичээл явуулж байх үед хичээлийг цаг тухайд нь авч чадахгүй байх, үүнээс шалтгаалан дүн нь буурах, цаашлаад төрийн сангаас авдаг зээлд хамрагдаж чадаагүй гээд олон асуудлууд гарсан. Олон улсад Web Content Accessibility Guidelines (WCAG) 2.0 гэсэн зааварчилгааны дагуу цахим бүтээгдэхүүнээ хийдэг. Энэ нь ямар ч программ дээр хараагүй хүмүүст зориулсан хэсгийг бий болгох зориулалттай юм. Үүнийг Монгол Улсад зайлшгүй нэвтрүүлэх шаардлага үүсээд байгааг цар тахлын энэ үед илүүтэй анзаарч байгаа байх" гэж тэрбээр ярилаа.  

Хүний сурч боловсрох эрх цар тахлын энэ үед хамгийн их хөндөгдөж байгаа билээ. Тэр дундаа харааны бэрхшээлтэй оюутны хувьд цахим хичээл гэдэг урьд өмнө байгаагүй асуудлын нэг.  Хэдийгээр их дээд сургуульд харааны бэрхшээлтэй цөөн тооны оюутан байгаа ч хүн бүр сурч боловсрох эрхтэй гэсэн Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах учиртай. Тийм учраас тэдэнд тулгарч буй нөхцөл байдалд дүгнэлт хийж, тохирсон цахим сургалтын арга хэлбэрийг нэвтрүүлэх шаардлагатай байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.13
    2021/09/05

    Жоохон анхаарал хандуулаад өгчихдөг болоосой доо

    Хариулах