Тэлсэн төсвийн оноо буюу стагфляцыг тойрох боломж

Х.Батсайхан
2023/11/16

-Төсөв тэлсэн нь сайн, харин анхаарах юм бий-

Монгол Улс 2024 оны төсвөө өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталж, дүгнэлт, санаа оноо хэлэх боломжтой боллоо. Засгийн газрын зүгээс 2024 оны төсвийн орлогыг 2023 оныхоос даруй 5.4 их наядаар өсгөж, 27.2 их наяд төгрөг алдагдал нь 2.8 хувь байхаар оруулж ирсэн нь УИХ дээр шүүмжлэл дагуулсан ч эцэст нь орлого, зарлага өсгөх замаар алдагдлыг 2.1 хувь хүртэл бууруулан батлагдсан юм. Энэ зуурт өрнөсөн санал шүүмжлэлээс иргэд санхүүгийн талаар тодорхой төсөөлөлтэй болж авсан байх. Гэсэн ч төсөв тэлэх нь муу мэтээр мушгих, эрсдлийг сануулах бус хэт өөдрөг бус зөгнөл хэлэх, асуудлын бодитоор олж харахгүй хэт муучлах, улс орны хөгжлийг нэг жилээр ухраах гэсэн оролдлогууд гарч байгаа учраас мэдээлэл хүргэе гэж бодлоо. Шүүмжлэгчид бүгд төсвийн тэлэлтийг биш, хяналттай зарцуулалтад анхаарлаа хандуулбал Монголын эрх ашигт сайн байхсан билээ.  

ЗАСГИЙН ГАЗРУУД МӨНГӨӨР “БОРОО ОРУУЛЖ” БАЙНА

Эдийн засгийн хэтийн төлвийг маш зоригтой, басхүү бодитой таамагладгаараа зартай Данийн “Саксо банк” өнгөрсөн жилийн өдийд 2023 онд дэлхий даяар цалин хөлсний хэмжээ огцом өснө гэж дүгнэж байсан билээ.

Төлвийг хийсэн шинжээчид энэ байдал АНУ-д илүү тод ажиглагдах ч глобаль шинжтэй байх болно гэж анхааруулаад, шалтгааныг нь “Цар тахалд нэрвэгдсэн улс орнууд эдийн засагтаа ихээхэн хэмжээний мөнгө хийсэн нь инфляцийг өсгөж байгаа бөгөөд энэ өсөлтийн эсрэг иргэдийн цалин хөлсийг өсгөхөөс аргагүй байдалд орсон” гэж тайлбарласан байв. Шинжээчид дүгнэлтдээ “Улс төрийн тогтворгүй байдлаас зайлсхийхийн тулд ийм алхам авахаас ч аргагүй” гэж зөвтгөсөн нь ховор тохиолдол болсон бөгөөд энэ нь улс орнууд төсвөө тэлэх нь зайлшгүй юм байна гэдэг дохиог өгсөн юм. 

Өдгөө дэлхийн улс орнууд төсвөө гарцаагүй тэлж, олон жил үргэлжлэх, өндөр өртөгтэй төслүүдийг эхлүүлж байна. Эдгээрийн ихэнх нь  Украины дайнаас хойш хүчтэй болсон, даяаршлыг үгүйсгэж, бие даах эрмэлзлийг шингээсэн төслүүд байгаа юм.

Манай улс ч ялгаагүй. Хавар, зуны заагаар цалин хөлс нэмэгдүүлэх асуудал хурцаар тавигдаж, улмаар хэрэгжсэн. 2024 онд дахиад ч нэмэгдүүлэх төсөв батлаад байна. Түүнчлэн “Мянган зам II” буюу аймгуудын төвийг хатуу хучилттай замаар холбох төсөл, эрчим хүчний төслүүдэд хуваарилсан хөрөнгө оруулалтаар дээд амжилт тогтоох хэмжээний төсөв болсон. 

Улсын төсвийн хөрөнгө оруулалт /Төсөл. УИХ-аар хэлэлцэх явцад тэтгэврийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх санал гарч, сайд нарын багцад өөрчлөлт орсон/

Хот, хөдөөгийн ялгааг арилгах чиглэлд, ялангуяа бүсийн нэмэгдлийг бодитой болгосон, "Нэрийн данс"-ыг мөнгөжүүлж, тэтгэврийн шинэчлэлийг бодитойгоор эхлүүлсэн нь 2024 оныг түүхэнд үлдээнэ гэж харж байна. Гэхдээ мэдээж, нэмэгдлээ инфляцид "идүүлчихгүй" бол шүү дээ. "Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв"-ийг эхлүүлсэн ч бас түүхэн шийдвэрт орно. Монголдоо нэг ийм эмнэлэгтэй болох нь бидний нэг мөрөөдөл байсан. 

Концесс буурсан сул тал байгаа ч энэ нь тусдаа сэдэв юм.    

ТӨСӨВ ТЭЛЭХ НЬ МУУ БИШ

Нэгэнт тэлсэн төсөв буцаж агшина гэж бараг байдаггүй. Манай практикт л лав тийм зүйл болж байгаагүй. Цаашдаа ч энэ жишгээр явах байх. Мэдээж үүний цаана нарийн тооцоо судалгаа байгаа. Ирээдүйд өгөөжөө өгөх дэд бүтцийн төслүүд, ялангуяа хил дамнасан төмөр замын төслүүд энэ итгэлийн суурь нь болсон байх гэж харж байна. Учир нь, Тавантолгой-Гашуун сухайт, Ханги-Мандалыг БНХАУ-ын төмөр замтай холбох төслийг санхүүжүүлж, хэрэгжүүлэх БНХАУ-ын компани жилд 30 хүртэлх сая тонн нүүрс зах зээлийн үнээр худалдаж авах эрх хүссэн юм билээ. Тээврийг шинэ төмөр замуудаар явуулбал энэ хэмжээ экспорт дээр шууд нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бол шинээр үүсэж байгаа том боломж. 

Тэгэхээр, төсөв тэлнэ гэдэг бол сайн зүйл. Гагцхүү тэлэлтийг нэгд бодитой, хоёрт, тогтвортой байлгах чухал.

Бодитой гэдэгт инфляци, зүй зохистой зарцуулалт /бодлогын, ”цавчаа”-гүй/ хамаатай. Харин тогтвортой гэдэгт ДНБ-ий өсөлтийг хангах чиглэлд хийж байгаа ажлууд орно. Төсвийн тэлэлтээс илүүтэй нэмэгдлээ яаж инфцляцид идүүлчихгүй байх вэ, өссөн мөнгөн дүнг ДНБ-ийг цаашид өсгөх зорилготой төсөл хөтөлбөрүүдэд хатуу хяналттайгаар яаж зарцуулах вэ гэдэгт илүү анхаарал хандуулах ёстой гэсэн санаа.   

Өмнө нь олон бичиж байсан санаагаа энд дахиад хэлье, төсвийн мөнгийг хяналттай, бодит үнэ өртөгтэй ажилд зарцуулж чадвал бүтээн байгуулалт үлэмж өсөх боломжтой. Тиймээс төсөв өссөнд биш, зарцуулалтыг хянах нь чухал. Нэг талдаа 2024 оны төсвийн тэлэлт буюу бидний өнгөрсөн хугацаанд бий болгосон санхүүгийн бололцоо маш эмзэг. Түүхий эдийн үнэ, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас хамааралтай, шулуухан хэлэхэд. Асуудал үүслээ гэхэд, төсвийг буцаагаад агшаахгүй, төгрөгөө үнэгүйдүүлээд явах эрсдэл маш өндөр. Тиймээс нэг төгрөг ч дэмий үрж болохгүй.     

Төсвийн нэг төгрөг бүрийн араас гүйдэг иргэд /төсөв ард түмний л мөнгө шүү дээ/ үүнд маш чухал. Завших боломж олгохгүй бол хэн ч завшихгүй шүү дээ.  

ГЭХДЭЭ ЭРСДЭЛ БИЙ

Төсөв тэлэх нь зах зээл рүү нэмэлт мөнгө оруулна гэсэн үг. Зэрэгцээд тухайн зах зээл дээр байгаа бараа, үйлчилгээний хэмжээ нэмэгдэхгүй тохиолдолд инфляци үүсгэдэг. Гэхдээ харамсалтай нь, төсөв буюу төрөөс их хэмжээний санхүүжилт хийж байгаа учраас мөнгөний хатуу бодлого барихаас аргагүй болж, энэ нь хувийн хэвшилд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд цалин тэтгэвэр нэмэх, мөнгөний бодлогоо суллах сонголтын өмнө байгаа бөгөөд эхнийхийг нь яах аргагүй сонгож байна. Харамсалтай нь, цалин, тэтгэвэр нэмээд ч асуудал шийдэгдэхгүй гэдгийг эдийн засагчид сануулж байгаа юм. Ажиллах хүчний хомсдол, инфляци гэсэн хоёр асуудал үүсэхийг тэд анхааруулж байна. 

Инфляцын хамгийн том хохирогчид нь бага орлоготой өрхүүд байдаг тул улс орнууд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийг сонгож, цалин тэтгэвэр нэмж, ажлын байр нэмэгдүүлэх төслүүд эхлүүлнэ. Гэтэл энэ нь хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдлыг үүсгэх тул компаниуд чадварлаг ажилтнууд олох, тогтоон барихын тулд цалинг мөн өсгөнө. Гэсэн ч сул орон тоо хэтэрхий их (компаниудын зарим нь цар тахлаас болоод үйл ажиллагаа түр зогсоож байгаад сэргээсэн байж болно. Энэ тохиолдолд ажиллах хүчний хомсдол нь эргэж хөл дээрээ босоход нь мөн л муугаар нөлөөлөх юм), өрхийн орлого өссөн (төрөөс нийгмийн халамжийг үргэлжлүүлэх учир) зэрэг шалтгаанаар ажилтнууд илүү сонголттой хэвээр байх гэнэ.

2024 оны төсвөөс санхүүжих онцлох төслүүд /Төсөл/

Тэгэхээр, бодлого, хяналтаа орхигдуулбал цалин хөлсний өсөлт нь зүй ёсных биш, инфляцыг хөөж гүйцэх зорилготой болж, худалдан авах чадвар төдий л нэмэгдэхгүй бөгөөд инфляц, орлогын өсөлт, ажиллах хүчний хомсдол нь бие, биетэйгээ хөөцөлдсөн, нэг, нэгнээ тэтгэсэн гинжин хэлхээ болж хувирдаг. Тасралтгүй шинжтэй болчих эрсдэл өндөр учраас үүнийг “Чөтгөрийн тойрог” гэж нэрлэсэн ч болно.  

Харамсалтай нь, ийм харилцан хамаарлыг нэг эхлүүлчихвэл хэдэн жил зогсолтгүй эргэдэг бичигдээгүй хуультай юм байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан 1960-аад онд инфляц, хөдөлмөрийн зах зээл, орлогын уялдаа холбоог дутуу үнэлснээс эдийн засагтаа маш том уршиг тарьсан бэлэн жишээ бий. Тэр үед инфляцын хүлээлт үүсэж, цалинг байнга өсгөх жишиг бий болжээ. Энэ байдлаар 10 гаруй жил үргэлжилсэн ч 1975 оны хоёрдугаар сард хэрэглээний үнийн индексийн өсөлт маш өндөр хэвээр буюу 11.8 хувьтай байсан гэдэг.

“ЧӨТГӨРИЙН ТОЙРОГ"-ООС ГАРАХ АРГА НЬ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛАХ ЯВДАЛ

 Эдүгээ олон улс болон Монголд ажиглагдаж байгаа үзэгдлийн эдийн засгийн нэршлийг стагфляци гэдэг. Тодруулбал, эдийн засгийн зогсонги байдал, өндөр инфляци давхцах үзэгдлийг энэ үгээр илэрхийлдэг байна. Тогтсон ойлголтоор бол эдийн засаг идэвхтэй буюу эрэлт ихсэх үед инфляци өсдөг.

Эдийн засгийн идэвхжил сул үед эрэлт багасч, инфляци буурдаг. Дээрх хоёр тохиолдолд мөнгөний бодлогыг чангаруулж инфляцийг бууруулах, эдийн засгийг тэлэх, идэвхжүүлэх замаар зохицуулалт хийж болдог. Харин стагфляци бол эдийн засгийн идэвхжил сул үед инфляц үүсэх онцгой үзэгдэл, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээнүүд ажилгүйдлийг нэмэгдүүлж, эсрэгээрээ эдийн засгийг дэмжих алхам нь инфляцыг улам өсгөх тул төвөгтэй байдал үүсдэг байна. Гэхдээ мэдээж, гарах арга зам бий.

Тэр нь ажлын байр нэмэгдүүлэх буюу ажилгүйдлийг багасгах явдал юм. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг АНУ 2022 оны эхээр 10.4 сая ажлын байр бий болгох зорилт тавьсан, ажиллаж байна.

Манай улсын хувьд цөөн хүн амтай, харьцангуй жижиг эдийн засагтай тул шинээр бий болж буй ажлын байр нэг бүрийн эдийн засагт үзүүлэх жин нөлөө нь бусад улстай харьцуулахад үлэмж их байдаг. Энэ бол бидний өгөгдөл, том давуу тал бөгөөд баярлууштай явдал мөн.   

"Мянганы зам II" 2024 оны төсөвт /төсөл/

Тиймээс шинээр бий болж буй ажлын байр болгон бидний аврал гэж хэлж болох юм. Энэ ондоо багтаж ашиглалтад орох, баригдаж эхлэх шинэ төмөр замууд,  дөнгөж ашиглалтадл орсон Оюутолгойн далд уурхай, экспортын шинэ гарцууд гээд ажлын байр бий болгож буй ажил болгон “Чөтгөрийн тойрог”-оос гарах зам.

Дэд гарчигт нэг утгатай мэт ажлыг "Ажлын байр нэмэгдүүлэх", "Ажилгүйдлийг бууруулах" гэж тусад нь бичсний учир нь, хэрэгжүүлэх субъектийн ялгаанаас болсон хэрэг бөгөөд эхнийх нь төрөөс, сүүлийнх нь иргэдээс ихээхэн шалтгаалах билээ.

“Саксобанк”-ны шинжээчдийн таамаглалаар бол, АНУ-д жишээ нь, ажлын байр бий болсон ч ажилгүй сууж байгаа иргэдийн тодорхой хэсэг нь наснаасаа өмнө тэтгэвэрт гарах сонголт хийсэн, өндөр цалинтай, орчин нөхцөл сайтай ажил олдохыг хүлээсэн, цар тахлын үеийн халамжиндаа дасаад үнэгүй зүйлд дуртай болчихсон байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ажил хийх хүн олдохгүй байх магадлалтай гэсэн байсан.  

Энэхүү таамаглалыг хэдий АНУ дээр голчлон жишээлж буй ч цар тахлаас болж эдийн засагтаа ихээхэн хэмжээний мөнгө оруулаагүй, нийгмийн халамжаа нэмээгүй улс бараг байхгүй учир бүгдэд нь, тэр дундаа Монголд хамаатай юм.

Төр ажлын байр бий болгох үед ард иргэд монголчууд минь “Саксо банк”-ны АНУ-ын талаарх таамналд өгүүлсэнчлэн, “Наснаасаа өмнө тэтгэвэрт гарсан, өндөр цалинтай, орчин нөхцөл сайтай ажил олдохыг хүлээсэн, цар тахлын үеийн халамжиндаа дасаад огт ажил хийх хүсэлгүй болчихсон байх”-гүй юм сан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна