Монголд дундаж орлоготой айл идэж ууж, өмсөж зүүхгүйгээр 7.4 жил ажиллаж байж байр авах боломжтой

Х.Батсайхан
2023/11/21

-ЗХУ, ОХУ-ын алинд нь амьдрал илүү сайхан байсан бэ-

Улс орны эдийн засаг, амьдралын чанарыг харьцуулахад амьдралын өртөг өөр, өөр байдгаас хүндрэл үүсдэг билээ. Тэгвэл хүний амьдралын чанарын үндсэн үзүүлэлт болох орон байрны асуудлаа шийдэхэд хэчнээн жил ажиллах шаардлагатай вэ гэдгээр харьцуулбал ихэд сонин дүр зураг гарч ирэх аж.    

Монгол Улсад жишээ нь,  өрхийн дундаж орлогыг ҮСХ-ны тооцсон 2.2 сая төгрөг, дундаж орон сууцыг Ипотекийн зээл олгох журамд заасан 180 сая төгрөгөөр тооцвол /жилд 11 сар ажиллана/ 7.4 жил идэж ууж, өмсөж зүүхгүй хөдөлмөрлөж байж орон сууцтай болох боломжтой байна. Идэж уух, өмсөж зүүхээ тал орлогоороо болгож, 50 хувийг нь хуримтлууллаа гэж бодоход нөгөө 7.4 жил чинь 14.8 жил болчихно. Хэрэглээний өр зээлтэй бол зээл авсан хугацаагаар нэг, хоёр жилээр сунаад л байна. Гэхдээ энэ мэдээж, яг одоогийн нөхцөл байдалд, дундаж үзүүлэлт дээр хийсэн хийсвэр тооцоо. Бодит байдал дээр өрхүүд хямд байр руу эхэлж ороод нөхцлөө сайжруулах нь их байдаг. Бас 7.4 жил бол өмнөх жилүүдээс багассан дүн, цаашдаа ч багасах графикаар явж буй. Энэхүү харьцуулсан нийтлэлийн зорилго нь улс орны хөгжлийн түвшин, өөрийнхөө амьжиргааг иймэрхүү амар хялбар аргаар тооцоолж үзэж байх нь  зүгээр гэсэн санааг өгөх гэснийх юм.

ОХУ-д ийм энгийн судаалгаа, тооцооллууд байнга хийгдэж байдаг, олон нийт ч идэвхтэй оролцож, үр дүнг нь сонирхож уншдаг. Жишээ болгож, нэгэн судалгааных нь үр дүнг танилцуулья.         

Судалгааны нэр нь "ЗХУ, ОХУ-ын алиных нь үед иргэдийн амьдрал илүү хангалуун, сайхан байсан бэ". 

Хойд хөршийн Эдийн засгийн их сургуулийн эрдэмтэд  энэ асуултын хариуг олохоор судалгаа хийж, сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Түүнийгээ мөн л ойлгомжтой, тодорхой жишээн дээр тулгуурлан олон нийтэд хүргэсэн байна. Тэдний хийсэн тооцоогоор, ЗХУ задарч, улс орон эдийн засгийн эрс шинчлэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойших 20 жилийн хугацаанд хойд хөршийн иргэдийн бодит орлого хоёр дахин буурсан гэнэ. “Ведомости” сонинд энэ талаар мэдээллээ.  

1988 онд буюу ЗХУ-ын үед 54 метр квадрат орон сууцыг 2.6 жилийн цалингаараа авч болохуйц байсан бол 2016 онд огт идэж уухгүй, өмсөж зүүхгүйгээр 13 жил зүтгэж байж авах байдалтай болсон байна. Өнгөрсөн жил ОХУ-ын иргэдийн дундаж цалин 32220 рубль болсон бол Москва хотод хоёр өрөө байрны дундаж ханш таван сая рубль болоод байгаа юм.

Мөн “Форбс” сэтгүүлд бичигдэх эрхтэй орос баян хүний тоо нэгээр нэмэгдэхэд нэн ядууд тооцогдох хүний тоо хэдэн зуун мянгаар нэмэгдэг болохыг олж мэджээ. Оросын иргэдийн 1/5-ынх нь орлого  өнгөрсөн хугацаанд 1.45 дахин багассан бол бас нэг 1/5-ынх нь орлого 1.2 дахин буурчээ. Мөн 1/5 хувь нь амьдрал нь 20 жилийн өмнөхөөс огт сайжраагүй гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын нийт иргэдийн 60 хувийнх нь амьдрал ЗХУ-ын үеэс дээрдээгүй, буурсан аж. Энэ үзүүлэлт нь манай хойд хөршид ядуурал хэмээх гамшиг Унгараас найм, Чехээс тав дахин хурдтайгаар иргэдийг залгиж байгаа гэсэн үг юм байна.

Задрахын өмнө буюу 1988 онд ЗХУ-ын эдийн засгийн өсөлт 2.9 хувь, ядуурлын түвшин 6.5 хувь байжээ. Эдийн засгийн өсөлт нэмэгдэх тусам иргэд нь ядуурах байдал мөн адил эрчимтэй явагдсан байна. Өнгөрсөн хугацаанд гэртээ телевизортой өрх 1.6 дахин нэмэгдсэн бол 1000 хүнд ногдох автомашины тоо хоёр дахин нэмэгджээ.

Харин ЗХУ задрах үед архивын материалын зарим нь устаж зарим нь стануудад хуваагдсан тул энэхүү судалгааг хийсэн Эдийн засгийн Их сургуулийн эрдэмтэд тухайн үед инфляцийн түвшин ямар байсныг олж тогтоож чадаагүй ажээ. Угаас тогтоох боломжгүй ч байсан байж болно. 

Энэ судалгаа нь нэг талаар коммунист дэглэмийг эргэн сануулсан шинжтэй. Гэвч ядуурал, ядуу иргэд ихсэж, идэж уух, өмсөх зүүхээр дутсан иргэд ихсэхийн хэрээр бүгд дундаж амьдралтай үеийг эргэж санагалзах нь нэмэгддэг гэдгийг харуулж байгаа юм.     





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна