“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн Баянхонгор аймагт боллоо. Энэхүү зөвлөгөөнд долоон аймгийн 20 гаруй сумын нийт 100 гаруй тэмээчид, малчид хүрэлцэн ирж оролцсон байна. Энэ хүрээнд тэмээний буухиа уралдаан, тэмээтэй жагсаал, сайхан тэмээтэй хос, шилмэл буур, шилмэл ингэ шалгаруулах, буйл зорох, бурантаг томох, гурван насны тэмээ уралдуулах зэрэг тэмцээн уралдаан, тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.
1988 оноос хойш буюу 36 жилийн дараа Баянхонгор аймагт зохион байгуулж буй уг улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь бүрэн, зөв ашиглах, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ихээхэн идэвх санаачилгатай ажиллаж байгааг сайшаав. Мөн цаашид тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулан, олшруулан өсгөж, Монголын “тэмээн соёл”, хоёр бөхт монгол тэмээ, түүнээс гардаг ашиг шимээр дэлхийд өрсөлдөхийн төлөө хичээн зүтгэх нь нэн чухал байгааг онцлов.
Тэмээчид туршлагаа солилцох, тэдний хөдөлмөрийг үнэлэн алдаршуулах, тэмээчдийн залгамж халааг бэлтгэх, гадаад, дотоодын жуулчдыг татахад “Монголын тэмээн соёл” наадам чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.
Монгол Улсын 2023 оны урьдчилсан мал тооллогоор 473.9 мянган тэмээ тоологдож, өнгөрсөн оныхоос 3.4 мянгаар өссөн дүн гарчээ. Өмнөговь аймаг 157.2 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүлсэн бол Дорноговь аймаг 54.5, Баянхонгор 48.9, Говь-Алтай 47.4, Дундговь 43.7 мянган тэмээгээр эхний таван байрт жагсжээ.
Хос бөхт тэмээн сүрэг, түүнийг адуулан маллах “тэмээн соёл” бол Монголын бахархал, дэлхийд гайхуулах нүүдэлчдийн өвөрмөц нэгэн ёс заншил, аж төрөл гэдгийг зөвлөгөөнд оролцогчид бахархаж байна. Улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан баянхонгорчуудын тухайд хуучнаар Шавийн хүрээний нутагт үе дамжин өсгөн үржүүлж ирсэн Ламын гэгээний улаан тэмээгээ энэ оны эхэнд үүлдэрээр батлуулж чадсан. Мөн литр ингэний сүүг малчдаас 10 мянган төгрөгөөр худалдан авч, өдөрт 300 кг ингэний хатаамал сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийнхан “Төхөм Тунгалагийн хүрэн” үүлдэр, Завхан аймгийнхан “Завхан Хүнгүй” хэвшлийн тэмээгээ өсгөн үржүүлж, Өвөрхангай аймгийнхан “Монголын хоолойн тэмээ”, Ховд аймгийнхан “Дөргөний тэмээ”-гээ омог болгон батлуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Өмнөговь аймагт “Ингэн тагш” нэртэй ингэний хоормог, Баянхонгор аймгийн “Их халбаганат” компани ингэний сүүгээр хийсэн тараг, бялуу, зайрмаг зэрэг амттан үйлдвэрлэж байгаагаа танилцуулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна