Баянзүрх дүүрэгт болсон, авто ослоос үүдэлтэй шингэрүүлсэн хийн цистены дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 10 иргэн Түлэнхийн төвд эмчлүүлж байгаа билээ. Тэднээс тав нь эрчимт эмчилгээний тасагт, үлдсэн тав нь энгийн тасагт хэвтэж байсан бол сүүлд нэг иргэн энгийн тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжсэн болохыг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй зургаан хүнээс 90-98 хувийн түлэгдэлтэй хоёр иргэний биеийн байдал туйлын хүнд байгаа аж. Энэ хоёр дээр нэмээд 50-55 хувийн түлэгдэлтэй ч түлэгдэлт нь амьсгалын замыг хамарсан нэг иргэний амьсгалыг аппаратаар удирдаж байгаа юм байна.
35-85 хувийн түлэгдэлтэй үлдсэн гурван иргэний биеийн байдал ч маш хүнд, хүчилтөрөгчийн эмчилгээтэй байгаа аж.
Өвчтөнүүдэд судсаар шингэн сэлбэх болон эмийн эмчилгээ, энгийн тасагт хэвтэж байгаа иргэдэд антибиотик, бодисын солилцоо сайжруулах эмчилгээ хийгдэж байна.
Өчигдөр ЭМ-ийн сайд С.Чинзориг Түлэгдэлтийн эмнэлэгт ажилласан. Тухайн үед эмнэлгийн зүгээс сайдад болон олон нийтэд хандаж, түлэгдсэн иргэдийг унтуулгатайгаар эмчилж байгаа, түлэгдсэн хүмүүсийн биед 7-14 хоногийн дараа хүндрэл гардаг, тиймээс Түлэнхий төвөөс эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлын талаарх мэдээллийг өдөр тутам өгөхөөр зохицуулалт хийж байна гэсэн мэдээллийг өгч байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна