ИЦББХ: Цахим орчинд хүүхдүүдийн 54,9 хувь нь цахим дээрэлхэлт дарамтад, 5 хувь нь бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн гэх судалгаа гарсан

С.Гандэлгэр
Өчигдөр 11 цаг 49 минут

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.28/ хуралдаанаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг эхэлж хэлэлцэв. Тус байнгын хорооны  2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ч.Анарыг нэмэх тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.


Түүний дараа  Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны мэдээллийг сонссон. Мэдээллийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Алтан-Од танилцууллаа. Тэрбээр, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2024 оны А/46 дугаар тушаалаар Авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааны хүрээнд “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, шаардлагатай мэдээ, мэдээллийг нэгтгэж, шилэн индексийн үнэлгээг зарлах үүрэг бүхий Штабыг шинэчлэн байгуулан ажиллаж байна. 2025 оны I улирлын байдлаар нийт 1135 байгууллага мэдээллийн ил тод байдлын "Шилэн индекс"-ийн тайланг нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-ээр дамжуулан илгээсэн байна.


Төрийн захиргааны төв байгууллага 92.61 хувь төрийн захиргааны байгууллага 79.61 хувь,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 55.59 хувь, нутгийн захиргааны байгууллага 75,84 хувьтай хэмээн тус тус үнэлэгдээд байна. Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 58 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 байгууллага буюу 91.3 хувь нь 3,091 өгөгдлийг байршуулсан ба тус өгөгдлийг иргэд, олон нийт 27,351 удаа татан авсан байна гээд төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээгээ танилцуулсан. Тэрбээр, төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-аас доошгүй хувиар бууруулж, албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, шүүх, прокурор, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллагад 49,017 компьютер ашиглаж байгаагийн 88.5 хувь нь, мөн 2,261 сервер ашиглаж байгаагийн 79 хувь нь тус тус “Майкрософт”корпорацийн бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байна. Түүнчлэн төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд майкрософтын 6 төрлийн 138164 ширхэг лицензийг нийт 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын дижитал шилжилтийг үргэлжлүүлэн, цаашид авах арга хэмжээг тодорхойлох Монгол Улсын “Цахим эрүүл мэнд”-ийн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулахаар Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна гэх зэргээр өргөдөл, гомдлын мэдээллийн системийн сайжруулалт, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас хөгжүүлэлт, Монгол Улсын суурь мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагуудад ашиглаж байгаа мэдээллийн систем, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдалд аудит хийсэн тухай программ хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалтын өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Танилцуулагатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Анар, Ж.Золжаргал, Б. Пунсалмаа нар асуулт асуусан.




Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр 2012-2024 онд 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 94,2 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг тоо хэр бодитой вэ, 2023 онд 950 гаруй тэрбум хөрөнгө зарцуулсан талаар мэдээлэл гарч байсан гээд бусад хөрөнгө оруулалтын зардлын тооцоог лавлаж асуухад Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Алтан-Од, 94,2 тэрбум бол улсын хөрөнгө оруулалтаар зөвхөн программ хангамжид зарцуулсан хөрөнгө юм. Харин тоног, төхөөрөмжид зарцуулсан тооцоо тусдаа гарна гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, алсдагдсан сум, суурин газрын харилцаа, холбооны хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар болон төрийн үйлчилгээний цахимжилтыг сайжруулахад хэрэгжүүлж буй арга хэмээний талаар асуув. Ажлын хэсгээс хариулахдаа, Монгол Улсын бүх сум суурин газарт  харилцаа, холбооны сүлжээг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг иргэд хэрхэн цахимаар авсан тухай тоо баримтыг танилцууллаа. 


Хуралдаан үргэлжлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 24 дүгээр илтгэлтэй танилцав. ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба технологи” сэдвийн хүрээнд танилцуулгаа эхэлсэн юм. Тэрбээр, мэдээлэл цуглуулж боловсруулдаг энгийн цахим төхөөрөмжийн зэрэгцээ хүнийг тагнах, мөрдөх, хувийн цахим хэрэгсэл дэх мэдээллийг зайнаас татан авах өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүд хэрэглээнд нэгэнт нэвтэрчээ. Технологийн хөгжлийг төрийн бодлого эрх зүйн зохицуулалт гүйцэхгүй байгаа нь нийтийн эрх ашиг хохирох эрсдэлийг нэмэгдүүлж байна.  Монгол Улсын цахим хөгжлийг тодорхойлох суурь нөхцөлүүд болох бодлого, эрх зүйн орчин, удирдлага, засаглал, цахим технологийн нэвтрэлт, иргэдийн цахим боловсрол, ур чадварын түвшнийг үнэлсэн үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг макро түвшний бодлого зэрэг асуудлууд  тусгагдсан. Харин цахим технологийн хүний эрхийн эрсдэлийг хянан зохицуулах бодлогыг орхигдуулжээ. Бодлого тогтворгүй, залгамж холбоогүй, баталсан бодлогын хэрэгжилт хангалтгүй байсан нь Монгол Улсын 20 жилийн туршлагаас анхаарч засах ёстой гол сургамж юм. Цахим хөгжлийн бодлого хууль тогтоомжид хүний эрхийг хамгаалах бодлогын үзэл санаа шингээгүй  байна. Үүнийг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар зохицуулах дэс асуудал гэж хандсанаас байгууллага, албан тушаалтан тухайн технологийн хүний эрхийн эрсдэлийг мэдэхгүй байх, үл тоомсорлох нь түгээмэл байна. Мөн түүнчлэн нийтийн орон зайд суурилуулсан камерын ашиглалт, эрх зүйн зохицуулалт, зорчих эрх, хязгаарлах ялыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох цахим хэрэглээнд анхаарах, тагнах төхөөрөмжийн эрх зүйн зохицуулалтын хэт ерөнхий үр дүн багатай хэмээн онцлоод цаашид хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар танилцуулав.


Түүний дараа тус Комиссын гишүүн Х.Мөнхзул цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлийн талаар тулгамдсан асуудлыг танилцууллаа. Тэрбээр, төрийн цахим үйлчилгээ ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй нийцгүй байна. Тухайлбал ахмад настны 69 хувь, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 80,3 хувь нь төрийн цахим үйлчилгээг авах хэрэгцээтэй байдаг. Гэвч веб хуудас, аппликэйшны харагдах байдал, үсэг томруулах тохиргоогүй, сонгосон текстийг дуу хоолойгоор унших үйлдлийн систем байхгүй, цахим технологи ашиглах мэдлэг ур чадвар дутагдалтай, интернэт тоног төхөөрөмж байхгүй байгаа нь саад болдог. Цахим хөгжлийн нэг сүүдэртэй тал нь цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн асуудал байна. Ялангуяа  охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд  цахим орон зай хүчирхийлэлд өртөх нэг талбар болсон. Цахим орчинд хүүхдүүдийн дарамт хүчирхийлэл ямар байгаа талаарх судалгаанд оролцогчдын 54,9 хувь нь  цахим дээрэлхэл дарамтад өртөж байна, 5 хувь бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн хэмээн хариулсан гээд ХЭҮК-оос үүсээд байгаа шинэ нөхцөлд гэмт хэргийг мөрдөн шалгах хохирогчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулах цаг болсон учраас илтгэлдээ онцоллоо гэв. Илтгэлийнхээ төгсгөлд цахим жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэж буй арга хэлбэр, хор уршиг, хохирол, хохирогчийн онцлогийг нарийвчлан судалж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэлтэй тэмцэх шаардлагыг хангахуйц нэмэлт өөрчлөлтийг оруулах, хүүхэд эмэгтэйчүүд,залуучуудад зориулсан мэдээлэл нөлөөллийн үйл ажиллагаанд төлөвлөн үүрэг хүлээгч талуудыг оролцуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн санал хэллээ.  Илтгэлүүдтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Монгол Улс дахь Хүний эрх эрх чөлөөний байдлын талаар 24 дэх илтгэлийг хэлэлцсэн талаарх Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна