Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар 2024 оны сонгуульд нэр дэвших зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсөн билээ. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл үүнээс сар хагасын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баттүвшин гэгчийг томилсон байдаг.
Тэгвэл түүнийг захирал болсноос хойш тус компанийн цэвэр ашиг 564 дахин буурчээ.
Төрийн Аудитаар баталгаажсан тайланд туссанаар, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн татварын дараах ашиг 11,176,901,742.10 /Арваннэгэн тэрбум, нэг зуун далан зургаан сая, есөн зуун нэг мянга, долоон зуун дөчин хоёр төгрөг/ байсан бол 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 19,806,782.13 /Арван есөн сая, найман зуун зургаан мянга, долоон зуун наян хоёр төгрөг/ болсон байна.
2023 онд 86,268,361,100 төгрөг байсан орлого Д.Баттүвшингийн үед 72,313,251,800 болж бараг 14 тэрбум төгрөгөөр буурсан ч зардал бараг ижил буюу 72,265,975,600 төгрөг байсан нь ашиг ингэж огцом буурахад нөлөөлжээ.
Орлого огцом буурсан нь цементийн үйлдвэрлэл буурсантай шууд холбоотой. Тодруулбал, 2023 онд 250,181 тонн байсан цементийн үйлдвэрлэл 2024 онд 220,540.8 тонн болж даруй 30,000 тонноор буурсан.
Улс орны нийгэм эдийн засгийн том хүндрэлүүдийг шийдэх мега төсөл, бүтээн байгуулалтууд эхэлж байгаа энэ чухал цаг үед хамгийн чухал бүтээгдэхүүн болох цементийн “улсын” тодотголтой ганц үйлдвэр нь ийнхүү урагшгүй ажиллаж байна.
Хамгийн хорлонтой нь, Хөтөлийн “Цемент шохой” ХХК муу ажиллахад зах зээл дээр цементийн үнэ өсөж байдаг.
2022 онд үйлдвэрийн үйл ажиллагаа доголдоход нэг тонн нь 330,000-350,000 байсан цементийн үнэ 500,000-700,000 төгрөг хүрч өссөн.
Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан хувийн хэвшлийн “МАК цемент”, “Монцемент” компаниуд тухайн үед зөвхөн ханшийн зөрүүнээс олон зуун тэрбум төгрөгийн ашиг хийсэн байдаг. Олны ад болж байсан “Монполимет” үндсэндээ “Хөгжлийн банк”-ны зээлээ энэ завшаанаар л төлсөн. Үнийн өсөлт барилга байшинд шингэж, үл хөдлөхийн үнэ өссөн бөгөөд энэ бол угтаа Засгийн газар буюу төр үүрэх ёстой “Валютын ханшийн зөрүү”-г ч иргэд халааснаасаа гаргачихсан гэсэн үг.
Төр стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх нь цаанаа нийлүүлэлт тасалдах, үнэ ханш огцом өсөх зэрэг эрсдлээс хамгаалах зорилготой байдаг.
Гэтэл Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК эсрэгээрээ “Үнэ хөөрөгддөг”, иргэдийн халаасанд байсан хэдэн цаасыг цементийн үйлдвэрийн эзэд, олигархиудын халаас руу шилжүүлж өгөх хэрэгсэл болсон нь харамсалтай. Хөтөлийн "Цемент шохой" ХХК-ийг ийм, иргэдийнхээ халаасыг сэгсэрдэг "машин" болгох ажлыг Монголын төр хийж байгаа нь бүр ч харамсалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна