Байгаль орчны ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт болж байна

Х.Есү
3 цаг 4 минутын өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-ын Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28) 2025 оны 9 дүгээр сарын 22- 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо эхэллээ.

May be an image of 7 people and text that says 'MONGOLA MONGO' CHINA'

Байгаль орчны ахлах албан тушаалтнуудын уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаяр нээж, үг хэллээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, Эдийн засгийн комисс (UNESCAP)-оос бүсийн түвшний байгаль орчны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор NEASPEC буюу Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

May be an image of 2 people, newsroom and text

Монгол Улс тус хөтөлбөрийн гишүүн улсын хувьд Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалтыг 2025 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд, SOM28-ын дагалдах арга хэмжээнүүдийг 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Блю Скай зочид буудалд тус тус зохион байгуулах юм.

Энэхүү хуралд NEASPEC-ын Нарийн бичгийн дарга нарын газар, Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Япон Улсын нийт 45 төлөөлөгч оролцож байна.

 May be an image of 9 people, people studying and text
Ахлах албан тушаалтны уулзалт (SOM) нь NEASPEC-ийн үндсэн шийдвэр гаргах механизм бөгөөд гишүүн орнуудын хамтын оролцоотойгоор бодлогын чиглэл, хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүгийн төлөвлөлтийг хэлэлцэн баталдаг. SOM-28 уулзалтаар бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж буй агаарын бохирдол, бага нүүрстөрөгчтэй хотууд, цөлжилт ба газар доройтол, биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, тэнгисийн хамгаалалттай бүсүүд гэсэн таван үндсэн чиглэлд хамаарах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэхийн зэрэгцээ, 2026–2030 оны стратеги төлөвлөгөө болон холбогдох төсөв, үр дүнгийн хүрээг батлах, мөн гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын бодлого, санаачилгыг солилцох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна