ХАЛЗАНБҮРЭГТЭЙН СОНСГОЛ: Хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Орон нутаг "90 хувьтай биелсэн" гэж дүгнэжээ

Zuv.mn
2 цаг 7 минутын өмнө

Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын асуудлаар УИХ-ын “Ерөнхий хяналтын сонсгол” Төрийн ордонд болж байна.

Төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой үйл явц ямар түвшинд байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх танилцууллаа.

Тэрбээр “Тухайн төсөл буюу “Газрын ховор элементийг ил аргаар ашиглах” төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр гарсан.

Тухайн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр “Нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай” гэж дүгнэсэн байдаг. Дүгнэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон зөвлөмж өгсөн байдаг. Тухайлбал,

-Төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчин /Ус, хөрс, амьтан, ургамал/-п үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүний хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тооцож, нийлбэр үнэлгээг гарган уг төслийг экологи, эдийн засгийн ашигтайгаар хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах,

-Тухайн орд газрын гадаргын болон газрын доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох технологитой уялдуулан нарийвчлан судалж, эрх бүхий байгууллагаар усны нөөцийн дүгнэлт гаргуулах,

-ГХЭ олборлох болон төслийн бүрэлдэхүүн хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, түүний тархалт, нөлөөллийн хүрээг тодорхойлж, зураглал гаргах,

-Бүтээгдэхүүн тээвэрлэх авто замыг “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын шаардлагад нийцүүлэх асуудлыг тайланд нарийвчлан тусгах,

-“Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”-ын дагуу уурхайн хаалтын урьдчилсан төлөвлөлтийг хийх,

-Эцэслэн боловсруулсан Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан Үнэлгээний ажлын тайланг төсөл хэрэгжих багийн ИНХ-аар хэлэлцүүлж, хурлын тэмдэглэл, шийдвэрийг тайланд хавсаргах гэсэн онцгойлон анхаарах шаардлагуудыг өгсөн байна.

Ингээд төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагаас Тайланг 2023 оны наймдугаар сарын 30-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн Байгаль орчны төсөл хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

Мэргэжлийн зөвлөл тайлантай танилцаад,

-Ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийгдсэн,

-Усан орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нарийвчлан тодорхойлох,

-Усны чанарын судалгааны мэдээлэл зөрүүтэй, мониторингийн цэгүүд тодорхойгүй, судалгаа хангалтгүй гэдэг үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд тухайн тайланг ирүүлээгүй байна. 

Хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ховд аймгаас байгуулсан Ажлын хэсэг 90 хувьтай гэж дүгнэсэн байдаг” гэв.

Г.Энхмөнх даргын дараа Халзанбүрэгтэй орд ашиглалтаас үүдэх байгаль орчин, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар судалгааны тайлан, илтгэл танилцуулсан шинжээч н.Наранцэцэг төслийн явц яг одоо нарийвчилсан хайгуулын шатандаа яваа учир Байгаль орчны нөлөөллийг нарийвчилж үнэлэх боломжгүй” байгаа талаар танилцуулсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна