Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын асуудлаар УИХ-ын “Ерөнхий хяналтын сонсгол” Төрийн ордонд болж байна.
Энэ удаагийн сонсголд орон нутгийн иргэдийн төлөөлөл 50 хүн оролцохоор болсон. Тэдгээр иргэдийн заримын илэрхийлсэн байр суурийг уншигчдадаа хүргэж байна.
М.Баянзул: Газрын ховор элементээр юу хийдгийг захын малчин мэдэж байгаа
/Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн харъяат, “Мянгадын 1000 морьтон” ТББ-ын УЗ-ийн дарга/
Газрын ховор элементээр юу хийдгийг одоо захын малчин мэддэг болсон. Гар утас, “Приус” машины батарейнд ГХО ордгийг бид мэдэж байгаа. Миний санаа бол, ГХО-ийг одоо олборловол гадныхан зөөж явах гээд байна. Үүнийг үүцэндээ хадгалаад, 2040, 2050 онд гаргаж ирж, өөрсдөө боловсруулж бүтээгдэхүүн хийх нь илүү ашигтай. Монгол Улс үргэлж энэ чигээрээ байхгүй.
Б.Гантөмөр: Мэдээллийн зөрүүтэй байдал арилтал азнавал яасан юм бэ
Сонсголын гол ач холбогдол юу вэ гэдэг их чухал байна. Энэ танхимаас бид аль, аль талдаа үнэн бодит мэдээлэлтэй гарах нь чухал гэж ойлгож байна. Гэтэл өнөөдөр бид ямар мэдээлэл авав? “Лиценз нь хуулийн дагуу олгогдсон” гэсэн нэг мессеж авлаа. Хоёрдугаарт, урангүй, хоргүй гэсэн мессеж ирж байна. Гуравдугаарт, ГХЭ бол эдийн засгийн хувьд ашигтай гэсэн мессежийг л ард түмэнд өгөх гээд байх шиг байна. Гэтэл бодит байдал дээр энэ мессежүүд худлаа, үнэн бодит байдалтай нийцэхгүй байгаа гэдгийг энэ иргэд мэдээд байна шүү дээ.
Гаднын эрдэмтэд Халзанбүргэдэй орд дахь хүнд металлууд уран-торигийн агууламжтай шууд холбоотой гэж дүгнэсэн. ГХЭ ихсэх тусам уран-торигийн агууламж ихсэнэ гэсэн үг. Гэтэл ердийн цардастайгаа ижил хэмжээнд байна гэж дүгнэж байгаа нь зөв үү, буруу юу.
Мэдээлэл зөрөөд байна. Зөв болгоё гэхээр дахиж худлаа мэдээлэл өгч байна. Тийм учраас хаа, хаанаа зөв мэдээлэлтэй болсон цагтаа ашиглах асуудлыг яривал яасан юм бэ
Г.Дуламсүрэн: 2019-2024 оны хооронд Мянгад суманд таван ургийн гажигтай хүүхэд гарчихаад байна
/Мянгад сумын Гахайт багийн иргэн, өндөр настан/
Шинжээчид “Төсөл хүн амын эрүүл мэндэд ямар ч хор нөлөө байхгүй” гэсэн дүгнэлт танилцууллаа. Би иргэнийхээ шугамаар, аймгийнхаа ЭМГ-аас тоон мэдээлэл авснаа танилцуулъя. Сумын Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгч 2014 онд 306 байсан бол 2022 онд 679, 2023 онд 449 болсон байна. 1.5-2 дахин өссөн. Зүрх судасны өвчлөл 2014 онд 34 байсан бол 2023 онд 108 болсон. 2019-2024 оны хооронд Мянгад суманд таван ургийн гажигтай хүүхэд гарчихаад байна. Зүрх цоорхой, төрөлхийн зүрхний гажигтай. Ийм байхад сөрөг нөлөөгүй гэж дүгнэж байгааг би гайхаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна