Газрын ховор элементийн Халзан бүрэгтэй ордын асуудлаар УИХ-ын “Ерөнхий хяналтын сонсгол” Төрийн ордонд болж байна.
Энэ удаагийн сонсголд орон нутгийн иргэдийн төлөөлөл 100 хүн бүртгүүлснээс 60 хүн үг хэлсэн. Дараа нь УИХ-ын гишүүд асуулт асууж, мэргэжлийн байгууллагууд хариулт өгсөн.
Тэдгээр асуултуудаас хүргэж байна.
-Халзанбүрэгтэй төсөл яг ямар ашигт малтмалын ордоор бүртгэлтэй байгаа вэ. Уран юм уу, газрын ховор элемент юм уу?
-Ашигт малтмалын нөөцийн Үндсэн бүртгэлд Халзанбүрэгтэйн орд нь Газрын ховор элементийн орд гэж бүртгэгдсэн байдаг. Өөр ямар нэгэн ашигт малтмалын орд гэж бүртгэгдээгүй.
-Иргэд мал хордоод байна гээд яваад байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ орд дээр ер нь олборлолт явсан юм уу. Төмөл хэрэгжүүлэхтэй холбоотой орон нутаг, иргэдээс зөвшөөрөл авдаг ямар зохицуулалт байдаг вэ?
Ашигт малтмал газрын тосны газар: Ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөлтэй. Гэхдээ одоогоор эдний компани /“НРИК” ХХК/ олборолт явуулаагүй. Зөвхөн хайгуулын ажиллагаа явуулж байгаа. Хайгуулын төлөвлөгөөнд туссанаар бол цооногийн өрөмдлөг, геофизикийн судалгааны ажил хийж, геометаллургийн дээж авна гэсэн ийм ажлууд хийж байна.
Тусгай зөвшөөрөл олгох болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой орон нутаг, иргэдээс санал авдаг ямар зохицуулалт байдаг вэ гэж асуулаа.
Тусгай зөвшөөрөл олголттой холбоотой орон нутгаас, тухайлбал Аймгийн засаг даргаас санал авдаг зохицуулалт үйлчилж байсан, одоо яг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар тусгай зөвшөөрөл олгох боломжтой газрын солбицлыг Засгийн газрын хурлаар оруулж, мөн орон нутгаас саналыг тусгаж батлуулдаг.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг тухайн орон нутгийн багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх зохицуулалт мөн үйлчилж байгаа. Энэ асуудалд БОУАӨЯ хариулах байх.
-Монгол Улсад ер нь ГХЭ-ийн өөр ямар, ямар ордууд байдаг юм бэ?
Ашигт малтмал газрын тосны газар: Яг одоогийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий есөн талбайд газрын ховор элементийн орд бүртгэгдсэн байдаг. Халзан бүрэгтэй бол ашигт малтмалын гурван тусгай зөвшөөрлийн талбайг дамнаж оршиж байгаа. Үүнээс гадна Өмнөговь аймгийн нутагт Хотгорын орд, Дундговь аймгийн Өлзийт суманд Хөх дэл, Өмнөговь аймгийн Мандал суманд Мушгиа худаг, Дорноговь аймгийн Хатанбулагт Лугийн гол, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгийг дамнасан мөнхөтийн цагаан дөрвөлжин гэдэг газруудад Газрын ховор элементийн орд бүртгэгдсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна