ТООЦОО БОДОХ ЦАГ: "Рио Тинто"-гоос авсан зээлийн хүүг бууруулж, багадаа "ОНТРЭ"-тай зэрэгцүүлэх ёстой

Zuv.mn
2025/09/24

Монголчууд Оюутолгойд хувь эзэмшсэнээрээ өрөнд орсон гэдгийг анх байгуулагдах үед нь эрдэмтэн судлаачид ч хэлж байсан, арай хожуу Засгийн газар ч хүлээн зөвшөөрч өөрчлөхийг хичээж эхэлсэн. Гэвч хэдхэн төрлийн татвар, төлбөрөөс өөр авч байгаа юмгүй монголчуудыг их ашиг хүртэж байгаа мэт ойлголтой байлгахыг хичээж ирсэн.

 Бодит байдал илчлэгдэхээс өмнө амжилттай ч болж байлаа. Гэвч сүүлдээ монголчууд хэрсүүжиж, арга залийг нь ойлгодог болсон юм. Тиймдээ ч Оюутолгой төслийг хэрэгжүүлэхийн тулд "Рио Тинто"-гоос зээлж авсан мөнгөний хүүг бууруулах асуудал УИХ-ын түвшинд яригдаж байна. 

                                                                         ӨР ХЭРХЭН ҮҮССЭН БЭ

2009 оны анхны Хөрөнгө оруулалтын гэрээгэээр бид Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх мөнгөний өөрт ногдох хувийг  "Рио Тинто"-гоос зээлэхээр болсон байдаг. Тодруулбал, "Рио Тинто" хөрөнгө оруулагч, банкуудаас зээл авч, түүнийгээ өөрийн охин компани болох Оюутолгой ХХК-д зээлүүлсэн бөгөөд үүний 34 хувь нь Монголын Засгийн газар дээр бичигдэж ирсэн гэсэн үг. 

Өнгөрсөн хугацаанд нийт  6.1 тэрбум долларын зээл авчээ. Гэтэл "Рио Тинто" 4-5 хувийн хүүтэй босгосон мөнгөө өөрийн охин компанидаа дамжуулан зээлдүүлэхдээ 11.1 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх юм. 

Энэ оны байдлаар  энэ зээлийн хэмжээ нь хүү, хүүгийн хүүтэйгээ нийлээд 12.1 ам.доллар болжээ. Монголын Засгийн газар энэ асуудлыг мэдэхгүй биш мэдэж байсан, тийм ч учраас зээлийн хүүг долоон жил тутамд эргэж харна гэдэг заалтыг Хөрөнгө оруулалтын гэрээндээ 2011 онд оруулсан байдаг аж. 

Оюутолгойн ХОГ бол анхнаасаа "Эхэндээ манайд ашиг бага ч бүтээн байгуулалт дуусаж, төслийн эрсдэл арилахын цагт ашигтайгаар өөрчилж болно" гэдэг философиор зурагдсан. Тэр утгаараа долоон жилийн дараа хүүг багасгачихна гэж тооцсон нь магадтай. 

Гэтэл 2018 онд хүү өөрчлөх эхний боломжийг өнгөрүүлчихжээ. Дараагийн боломж нь энэ жил. Гэтэл Засгийн газар энэ асуудлаар дорвитой хүчин чармайлт гаргахгүй байгаа нь гайхал төрүүлж байгааг хэлэхгүй өнгөрөх арга алга. 

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх ажиллаж байж. Асуудал ч яригдаж байсан ч үр дүн гараагүй. 

Энэ жилийн тухайд, Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто" группын Зэсийн бүлгийн захирал Кэти Жэксонтой уулзсан. Уулзалтаар УИХ-аас 2021 онд баталсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин, ялангуяа ус ашиглалт зэрэг асуудлыг багцаар нь шийдэх зэрэг асуудал яригдсан. Харин долоон жилд нэг тохиодог, магадгүй, төслөөс Монголын хүртэх ашгийг хамгийн богино хугауаанд нэмэгдүүлэх, тэр бүү хэл Монгол Улс ордоосоо ногдол ашиг авах уу, үгүй юу гэдгийг шийдэх ач холбогдолтой "Рио Тинто"-гоос авсан зээлийн хүүг бууруулах" асуудал албан мэдээнд огт дурдагдаагүй байна.

Гэхдээ, УИХ энэ асуудалд анхаарал хандуулж, гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Хянан шалгах түр хороог байгуулаад байна. 

Тиймээс одоо олон нийтээрээ дэмжиж байгаад үр дүнд хүрэх ёстой. 

                                       "ТАРХИ УГААЛТ"-ААС НЭГМӨСӨН АНГИЖРАХ ЦАГ ИРЛЭЭ

"Рио Тинто"  бол үнэндээ уул уурхайн компани биш, мөнгө олох үндсэн арга нь зээл, зээлийн хүү гэдгийг олон улсад хэрэгжүүлсэн төслүүд нь баталдаг. Өрөнд оруулж, хүүгийн зөрүүгээр мөнгө олох энэ аргаа тэд маш сайн халхалж, "тархи угаалт" хийж ирсэн. Монголд ч ялгаагүй, бодит байдал ил болчихоод байхад л “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр бохир технологио хэрэглэсээр байна. Тиймээс үлдсэн богинохон хугацаанд /2025 он дуусахад бид зээлийн хүүг багасгах боломжоо алдана/ арганд нь орохгүй байхын тулд тэрхүү технологийг нь дурдаж байна. 

Мэдээлэх арга технологио өөрчлөхийг тулгах, болохгүй бол төр өмнөөс нь арай өөр ойлгомжтой, бодит ойлголт өгөх хэмжээнд тайлбарлах боломж байгаа гэж бодож байгаа учраас ингэж бичиж байгаа юм.

Юуны түрүүнд, “Рио Тинто”-гийн хэрэглэдэг нэг муухай арга бол өр тавьсан ч Монголд ашигтай гэж ойлгуулахыг оролддог явдал.

ЖИШЭЭ. “Рио Тинто” гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэглэх 1.1 тэрбум ам.долларын зээл авах шийдвэрийг 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан. “Оюутолгой”-н 34 хувийг эзэмшдэг Монголын тал эсэргүүцсэн ч дийлээгүй, олонхийн саналаар шийдсэн байдаг. 

"Рио Тинто" зээлийн асуудлыг өмнөх сард /2023.XI сар/ нь ТУЗ-ын хурлаар оруулж ирсэн бөгөөд суурь хүүг нь зургаан хувь байхаар тооцсоныг Монголын тал эсэргүүцэж, шийдвэр гаргалтыг хойшлуулан, хүүг бууруулах чиглэлд ажиллахаар болоод тарсан байдаг аж. Харин дараа сард нь, эхэнд дурдсанчлан хүүг 2.2 хувиар бууруулан 3.8 хувь болгоод Монголын талын эсэргүүцлийг үл харгалзан баталжээ. 

Энэ зээлийн талаар мэдээлэхдээ "Зээлийн хүү 2.2 хувиар буурснаар Монголын талын хүртэх мөнгөн урсгал 262 сая ам.доллараар нэмэгдэнэ" гэсэн байдаг. Хэн ч юм “Зургаан хувь” гэж тэнгэрийн тоо эхэлж оруулж ирснээрээ л манайхыг ашигтай болгочихож байгаа юм. 100 хувийн хүүтэй мөнгө зээлье гэж оруулж ирснээ дараа нь өөрчилсөн бол манай ашиг бүр ч ихсэх нь мэдээж.

                                      Буурч байгаа өгөөжийг ихсэж байгаа мэт харагдуулах

“Рио Тинто”-гийн мэдээллээ олон нийтэд хүргэдэг нэг бохир арга нь Монголд төлдөг татвар, төлбөрөө өссөн дүнгээр мэдээлдэг явдал. Жилд төлөх татвар, төлбөр нь багасаж байгаагаа нуухын тулд ингэдэг нь тодорхой.

 Нэг тайлбар хэлэхэд, энэ нийтлэлд “Оюутолгой”, “Айвенхоу майнз” гэж дурдахгүй байгаагийн учир нь, Рио Тинто “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл”-ээс 49 хувийг эзэмшиж байсан “Айвенхоу майнз”-ыг шахаж гаргасан бөгөөд одоо дангаараа хянаж байгаа юм.   

Оюутолгойн уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт ямар их үр өгөөж өгч байгаа талаар “Рио Тинто” байсхийгээд л дэлхий нийтэд тайлагнадаг. “Оюутолгой” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд монгол хэл дээр /монголчуудад зориулсан/ тавигдсан тайлангуудад ч “Бид л өгдөг” гэсэн агуулга нэвт шингээстэй. 

Жишээлбэл, 2018 оны тайланд “Оюутолгой компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө 8.7 тэрбум ам.долларт хүрэв. “Оюу толгой” 2018 онд татвар, хураамж, бусад төлбөрт 322 сая ам.доллар, үндэсний худалдан авалтад 439 сая ам.доллар зарцууллаа” гэжээ.

Уг нь бол, тухайн жилд хийсэн хөрөнгө оруулалтаа бичээд, араас нь нийт дүнг тавих нь агуулгын хувьд зөв баймаар. Гэтэл Оюутолгой тайлангууддаа нийт оруулсан хөрөнгөө эхэлж бичээд араас нь тухайн жилд төлсөн татвар төлбөрүүдээ бичдэг аж. 

Зүйрлэвэл “Би энэ жил тэдэн төгрөгийн хөрөнгө орууллаа. Урьд жилүүдийнхтэй нийлээд нийт тэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан байна” гэхийн оронд “Би нийтдээ төдөн төгрөг өгсөн шүү. Энэ жил төдийг өгсөн” гэж байгаа нь яах аргагүй дарамталсан өнгө аястай.

Үнэндээ бол Монголын төр ч хариуд нь хангалттай “эрхлүүлж” байгаа. Чухам яаж, ямар байдлаар эрхлүүлж байгаа вэ гэдгийг олон нийтэд таниулах цаг нь болсон. Энэ бол их энгийн. 

“Оюутолгой”, “Рио Тинто” тийм их хөрөнгийг Монгол Улсад шингээдэг, төрд өгдөг юм бол Тогтвортой байдлын гэрээний дагуу эдэлж буй хөнгөлөлтүүдийг нь ч давхар зарлан, олон нийтэд хүргэдэг байх ёстой гэсэн санаа юм. 

Ингэхдээ тухайн жилд эдлэсэн хөнгөлөлт, тогтвортой байдлын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш эдлэсэн нийт хөнгөлөлт зэргээ цугт нь зарлана. “Оюутолгой” жирийн компани байгаад тогтвортой байдлын гэрээнд хамрагдаагүй байсан бол ийм хэмжээний татвар төлөх байсан, харин хөнгөлөлт эдэлснээрээ ийм багыг төлж байна гэж тодорхой зарлах хэрэгтэй. 

Энэ бол "Оюутолгой" ХХК Монголд хүртээсэн өгөөжөө мэдээлдэг шиг л энгийн мөртлөө заавал тогтмол гаргадаг мэдээлэл болох ёстой. Үр дүнгийн тухайд, ядаж л монголчууд тэднийг буянтан биш, ижил тэгш эрх, үүрэгтэй хамтрагчид гэж хардаг болох юм.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.228.177.52
    2025/09/25

    Rio Tinto is a financial manipulation toxic corporation.

    Хариулах
  • 66.181.176.19
    2025/09/24

    Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар Оюутолгойн гэрээг сайжруулах тогтоолын төсөл УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдсэн энэ цаг үед Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлууд урьд урьдынхаас илүүтэй сөхөгдөж байна. Зөвхөн Монгол биш, дэлхий даяараа үүнд анхаарлаа хандуулаад эхэлсэн нь нууц биш. “Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна” гээд “Тэрбээр монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсч байна хэмээн өөрийн санал бодлоо хуваалцлаа” гэжээ. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв хоёр талаас хамтарч байгаа бол өөр өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100 хувь эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тинто бол монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхлэхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51 хувиас дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34 хувь эзэмших, нөгөө хэдхэн ам.доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших гэрээ болсон нь өөрөө Мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг. Энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч байгаа хэрэг юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол Улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн явдал. Хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. Оюутолгойн хувьцааг Рио Тинто 100 хувь эзэмшиж ашгийг нь хүртэж байна Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг шүү дээ гэж та бодож магадгүй. Тэгвэл үгүй юм. Учир нь, Монголын тал өөрийн авах ёстой 34 хувийн ашгийг авдаггүй. Уг нь 2022 оноос авах байсан гэрээг Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусна. Өөрөөр хэлбэл, монголчууд нэг ч төгрөг хүртэхгүйгээр өөрийн асар том ордыг гадаадын луйварчдад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио Тинто Оюутолгойн 100 хувь эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио Тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай хоёр гуравхан тэрбум ам.доллар гаргах юу ч биш, тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлбэл, тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж, түүнийхээ 34 хувийг монголчуудаар төлүүлж байгаа юм. Тэд нар 66 хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу? Үгүй. Яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш. Тухайн мөнгө гарсан банкинд байршсан Рио Тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, Рио Тинто Оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66 хувийг шууд аваад монголчуудад ногдох 34 хувийг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны хүү хэмээн хуурснаар монголчуудын авах 34 хувийн ашиг тэдний халаасанд ордог гэсэн үг. Ингээд нийлээд 100 хувийн ашгийг тэд бүрэн хүртдэг. Монголчууд мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр гайхдаг Монгол бол асар том нутагтай, байгалийн асар их баялагтай улс. Миний бодлоор ердөө гурван сая гаруй хүнтэй Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй. Хоёр том зах зээлийн дунд байршилтай, цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ. Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр монгол гэгч энэ үндэстний XIII зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр Монголыг сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол монголчууд Оюутолгойг буцааж өөрсдийн талд авах хууль эрх зүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Уг гэрээнд булхай луйвар, хээл хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрвээ би Монголын эдийн засгийг барьдаг хүн байсан бол... Оюутолгойн гэрээг цуцлан дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдахгүйгээр олон улсад тендер зарлан шууд зарах хэрэгтэй. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш. Зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу тал юм. Мэдээж зарах үнэ нь дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум ам.доллар хүрч зарагдана. Энэ нь, нэг ч төгрөг авахгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум ам.доллар бэлнээр авах гэрээ болгож байна гэсэн үг. Мэдээж, өөрийн мөнгөөр 100 хувь худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио Тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас МонголУлсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн РиоТинтогийн төлж байгаа татвараас хэдэн арав дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум ам.доллароор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд 4-5 томоохон ордыг Монгол Улс өөрөө 100 хувь эзэмшиж, хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн эдийн засаг ердөө л 2-3 жилийн дотор нэг хүнд ногдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм. Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэлчин хэвээрээ байгаа улс. Аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах болохоор уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй. Монголчуудыг сэрээсэй, Мянганы аймшигтай том луйврыг зогсоож, эдийн засгаа хурдан босгоосой гэсэндээ өөрийн бодож санаж явдаг зүйлийг хэллээ гэсэн байна.

    Хариулах
  • 124.158.107.133
    2025/09/24

    луйварчдад хамаг баялагаа өгчихөөд зээлсэн зээлийг нь төлөөд суумааргүй байна, батнайрамдал гишүүнээ дэмжээд талбай дээрээ гармаар байна даа

    Хариулах