Нийслэлийн их, дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй зэрэгцэн оюутнуудын амьдралын нэгэн чухал хэсэг болох дотуур байрны тухай асуудал дахин сөхөгдөж байна.
Жил бүр хэдэн арван мянган оюутан хөдөө орон нутгаас ирж сурдаг бөгөөд тэдний олонх нь сургуулийнхаа дотуур байранд амьдрах сонголтыг хийдэг.
Учир нь хувийн байр, түрээсийн орон сууц нь оюутны санхүүд ахадсан өндөр үнэтэй байдаг бол дотуур байр харьцангуй хямд, хичээлдээ ойрхон гэдгээрээ давуу. Гэвч хямд үнэтэй амьдралын цаана оюутнуудын тэвчиж суудаг олон асуудал, хязгаарлалт, хатуу дүрэм оршдог нь ч бас үнэн юм.
Дотуур байранд амьдрах нь оюутан хүүхдүүдийн хувьд сэтгэлд мартагдашгүй дурсамж үлдээдэг газар байдаг ч нөгөө талд сөрөг талууд бас бий. Оюутны байрны нийтлэг дүр төрх бол хүрэлцээ багатай ариун цэврийн өрөө, байнгын халуун ус тасралт, хуучирсан тавилга, махаа хийж хөлдөөх хөлдөөгчний хүртээмж, хаа нэг гүйж харагдах хулгана зэрэг юм. Энэ нь байр бүрт байж л байдаг асуудлууд бөгөөд үүнд оюутнууд сэтгэл дундуур байдгаа илэрхийлж байлаа.
Байрны нөхцөл хэцүүхэн ч “ганцаардлын мэдрэмж”-ийг багасгадаг
СУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан М.Анужинтай бид ярилцлаа. Тэрбээр Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод ирсэн бөгөөд хоёр дахь жилдээ дотуур байранд амьдарч байгаа аж.
“Дотуур байрны хамгийн том давуу тал бол хичээлдээ маш ойрхон байдаг. Өглөө эрт автобус хүлээж, түгжрэлд суугаагүй. Бас замын мөнгө хэмнэгдэнэ. Өдөр бүр такси барьж, эсвэл автобусны мөнгө төлөх шаардлагагүй. Түүнээс гадна найз нөхөдтэй болж, хамтдаа сурч, нэг нэгэндээ туслахад амар байдаг” гэж тэрбээр ярилаа.
Түүнтэй санал нийлсэн оюутан олон байв. Дотуур байранд амьдрах нь оюутнуудад зөвхөн хямдхан байр биш, бас нийгмийн харилцааны орон зай болдог. Өрөөндөө хамт амьдрах оюутнууд нэг нэгнийгээ дэмжиж, заримдаа хамтдаа хичээл давтдаг, хамтдаа идэж уудаг. Энэ нь хотоос хол хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүдэд “ганцаардлын мэдрэмж”-ийг багасгадаг гэж ярьж байв.
Гэвч дотуур байрны нөхцөл байдал бүх оюутанд таалагдаад байдаггүй. Өрөө жижигхэн, дийлэнхдээ 3–4 оюутан хамт амьдардаг тул хувийн орон зай хангалтгүй. Зарим байр хуучирсан тул тавилга эвдэрхий, ариун цэврийн өрөө хүрэлцдэггүй.
ХААИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Тэмүүлэн:
“Өрөө жижигхэн. Гурван хүнтэй хамт амьдрахаар хувийн орон зай бараг байдаггүй. Хичээлээ тайван давтахад ч хэцүү. Ариун цэврийн өрөө цөөн тул өглөө хичээлдээ явахдаа дугаарлаж зогсох үе их гардаг. Заримдаа халуун ус хэд хоног тасалдах нь бий” хэмээн ярив.
МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Энхжин:
“Өвөлдөө дулаахан байдаг нь давуу тал. Гэхдээ зуны улиралд дотуур байр хэт халуун болдог. Агааржуулалт муутай, заримдаа цонх нь онгойдоггүй өрөөнүүд ч бий”.
Оюутнуудын хамгийн их ярьж буй зүйл бол дотуур байрны цагийн хуваарь.
МУИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Н.Мөнх-Эрдэнэ:
“Аав ээжээсээ байнга мөнгө аваад байх хэцүү учраас цагийн ажил хийж, хоол ундныхаа мөнгийг өөрөө олдог. Хичээлийн хажуугаар ажил хийнэ гэдэг нь оройн цагаар ажиллана гэсэн үг. Манай оюутнууд бол ихэвчлэн 02:00- 04:00 цагт ажил нь тардаг.
Гэтэл 23:00 цагаас хойш бол дотуур байранд орж чаддаггүй. Тэгээд гадуур хонохоос аргагүй үе гардаг. Энэ бол үнэхээр асуудал. Ажлын бичгээ өгөөд орох гэхээр худлаа ярилаа, шөнө хүн унтуулсангүй хэмээн жижүүрүүдэд загнуулж арай гэж орно. Уг нь ажил хийгээд л гэртээ орж амрах гэж байгаа шүү дээ” гэсэн юм.
Зарим оюутнууд энэ дүрмийг аюулгүй байдлын үүднээс ойлгодог. “Хэт шөнө орж гарвал эмх цэгц алдагдаж, асуудал гарах эрсдэлтэй” гэж үзэх нь ч бий. Гэвч олонх нь дүрмийг уян хатан болгох хэрэгтэй гэсэн санал нэгтэй байна.
Дотуур байрны төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа талаар ч оюутнууд ярьсан. Дундаж төлбөр нь нэг хичээлийн жилд 800-1сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Энэ нь хувийн байрны түрээснээс харьцангуй хямд боловч тэтгэлэггүй, орлого багатай айлын хүүхдүүдэд бас л хүндрэл учруулдаг.
ЭЗСҮТ-ийн оюутан А.Сувд:
“Дотуур байр хямдхан гэж хэлэх ч амаргүй болжээ. Төлбөр жил бүр нэмэгдээд байна. Хөдөө орон нутгаас ирсэн бидэнд амьдрах өөр сонголт бараг байхгүй. Хэрэв хувийн байр түрээслэх бол сар бүр 1саяаас 2 сая хүртэлх төгрөг төлнө. Энэ бол боломжгүй. Тиймээс дотуур байр үлдэж л байна” гэв.
Оюутны дотуур байр бол оюутан залуусын амьдралын хамгийн боломжит сонголт хэвээр. Гэвч нөхцөл тааруу, дүрэм журам хэт хатуу, санагдах нь бий. Оюутнуудын нийтлэг хүсэл нь “хямдхан мөртлөө хүний амьдрах нөхцөлд нийцсэн байр” юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.183.190
Saihan niitlel bolj
Хариулах202.126.88.221
Mundagdaa
Хариулах