“Онтрэ”-г хянаж чадвал “Рио Тинто”-г хянаж чадна

Zuv.mn
2025/09/24

-“Онтрэ гоулд”-ын хэлэлцээрээс Монголд гарах АШИГ-

“Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлцэлцээр хийж, хувь эзэмшлээ тохирсон нь манай улсын эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд байгаа  билээ. 

Улмаар Оюутолгой ХХК-ийн 34 хувийг эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар “Онтрэ гоулд”-д ногдох хэсгээс Баялгийн сангийн тухай хуулийн дагуу хувь эзэмшлээ тодорхойлохоор болоод буй. Эндээс Монголд ашигтай ямар нөхцөл байдал үүсэхийг хялбаршуулсан байдлаар хөндөж байна.

                                                                           Шууд гарах ашиг

“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий.  

“Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр “560 метрээс илүү” гүнд байвал “80:20”, “560 метр хүртэлх” хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.

Хоёр компани энэхүү гэрээгээ албажуулаагүй байсан ч хэдэн сарын өмнө Арбитрын шүүхээр шийдүүлсэн. Шүүхийн шийдвэр “Онтрэ”-гийн талд буюу “2004 оны гэрээгээ албажуул” гэж гарсан аж. Ингэснээр “Онтрэ”-гийн хувь эзэмшил баталгаажжээ.  

Харин “Онтрэ” ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангий хуулийг дагаж “Монгол Улсад 34 хувийг нь  өгөхөд бэлэн“ гэдгээ илэрхийлсэн талаар тухайн үед АҮЭБ-ийн сайд байсан Ц.Туваан мэдэгдсэн байдаг. Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ эзэмшинэ гэсэн үг. Хувь эзэмшихгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээ, АМНАТ-өөр орлууллаа гэхэд мөн 6.8 хувийг авах боломж байна.  


10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь /51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмших нь. Энэ бол зөвхөн “Онтрэ”-гийн 34 хувийг эзэмшсэнээр бий болж байгаа боломж гэдгийг анхаараарай.

Дээр нь бид Оюутолгой ХХК 34 хувийг зэмшдэг. “Онтрэ”-гийн лицензит талбайгаас “Рио Тинто”-д ногдох 80 хувиас 34 хувийг эзэмшдэг гэсэн үг. Энийг дээр “Онтрэ” дээр бодсон шиг хувилаад бодвол 3.2 сая тонн зэс /10.6 сая тонн зэсний 80 хувь нь 9.6 сая тонн, түүний 34 хувь нь 3.2 сая тонн/, 235 тонн алт /759 алтны 80 хувь нь 707 тонн, түүний 34 хувь нь 235 тонн/ гэх мэтээр бас тоо гарч ирнэ. “Рио Тинто”, “Онтрэ” тус бүрээс Монголын талд ногдох хувийг нэгтгэж үзвэл 3.9 сая тонн зэс гэх мэтээр 34 хувиас илүү гарна.

Мөнгө, молибден дээр яг энэ аргачлалаар бодоод үзээрэй. Ямар ч байсан Монголын талын нөхцөл байдал сайжрах нь тодорхой байгаа.

Монгол Улс Оюутолгойн уурхайг банкны зээлээр санхүүжүүлэх “Рио Тинто”-гийн башир аргад автсан учраас “Рио Тинто”-той хамтарч эзэмшиж байгаа 34 хувиасаа ногдол ашиг аваагүй, цаашид ч авахааргүй байгаа бөгөөд байдлыг өөрчлөхөөр ажиллаж буй. Энэ ажилд "Энтри"-д тавих шаардлага, дарамт шахалт зохих нөлөөгөө үзүүлэх учиртай.  

Бид олон улсад Зууны луйвар, түүхэнд байгаагүй луйвар гэж нэрлэгддэг, “Рио Тинто” Монгол Улсын Засгийн газар, монголчуудыг луйврын схемд оруулсан түүхийг цувралаар хүргэх болно.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна