Ерөний сайд Г.Занданшатар тэргүүтэй салбарын сайд нар Засгийн газрын 100 хоногийн ажлын талаар танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улсын тэргүүн шадар сайд Н.Учрал "Засгийн газар өнгөрсөн 100 хоногт эдийн засгийн өсөлтөө баталгаажуулах, тогтворжилтыг хангах, гацаж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд анхаарсан. "Шинэ итгэл, эрс шинэчлэл" гэсэн таван жилийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү таван жилийн чиглэл нь 8 төрлийн үндсэн хөтөлбөртэй, хөрөнгө оруулалтын хөтөлбөр хавсралтаар дагалддаг.
Бид өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төслүүдийг тодорхой системтэйгээр төлөвлөж чадаагүйгээс санхүүжилт нүдээ олдоггүй байсан. Үүнийг эргэж харах цаг нь ирсэн.
Монгол Улсын 5 жилийн чиглэл буюу үүнд тулгуурласан хөрөнгө оруулалтын хөтөлбөр зэргийг улсын төсөвт суулгана. Цаашид бид хэрэгжүүлэх төслүүдээ 4 бүлэг 15 зүйлийг 1-5 оноогоор үнэлж эрэмбэлдэг тогтолцоо руу шилжиж, ТЭЗҮ байхгүй, ач холбогдол багатай төслүүдийг эрэмбэлдэг болно гэсэн үг.
Тиймээс 14 мега төслийг 4 шатлалаар эрэмбэлсэн. Мөн яамдууд дээр байгаа 149 төслийг эрэмбэлсэн.
Аймаг орон нутагт төслүүд нь бие дааж хөгжих боломжийг олгож байгаагаараа онцлог. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ямар нэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй, ач холбогдлоор нь заавал авч үзнэ.
Салбар болгоны хөгжлийн 5 жилийн төлөвлөөг хэлэлцэж, бүх нийтийн оролцоог хангаж, 40 төсвийн захирагчийн ирэх 5 жилийн чигийг харсан төлөвлөгөө гаргана гэсэн үг.
Татварын багц хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хууль зэрэг хэдэн хэдэн хуулийг өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдийн Засгийн эрх чөлөөний хуулиар хувийн хэвшлийн ажиллах нөхцөлийг хяхаж хавчсан ямар ч шийдвэр гаргахыг хориглоно.
Эдийн засаг агшиж байгаа үед төсвөө тэлэх тал дээр ажиллана. Хувийн хэвшлүүдийг дэмжихийн тулд бүх талаар бодлого боловсруулна. Гааль дээр гэхэд л гаалийн ахлах байцаагч дээр байсан 55 эрх мэдлийг буулгаж, цахимжуулснаар гааль дээрх хүнд суртал буурч байна. Экспортын ажлын хэсгийн хүрээнд авч хэлэлцүүлэх ажлуудыг авч хэрэгжүүлсээр байгаа. Цаашид экспортыг нэмэгдүүлэх тал дээр илүү ажиллана" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна