Таны байнга зочилдог вэбсайт гэнэт нэг өдөр хувийн мэдээлэл, мөнгийг тань залилан авбал яах вэ гэж бодож үзсэн үү? Хальт харахад таны өдөр тутам орж мэдээлэл авдаг, бизнесийн зорилгоор ашигладаг, бараа захиалга өгдөг танил вэбсайт шиг харагдах боловч үнэн хэрэгтээ мөнгийг тань залилан авах зорилготой хуурамч вэбсайт байх боломжтой. Хүмүүс дассан зүйлдээ итгэдэг нь залилагчдын ашигладаг хамгийн том зэвсэг болоод байна.
Сүүлийн үеийн хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн нэг сөрөг нөлөө нь цахим залилагчдад ямар ч вэбсайтыг маш хурдан хуулбарлан бүтээх боломж олгоод байна. Тиймээс та интернэт орчинд гярхай байж, аливаа вэбсайтад хандахаасаа өмнө дараах зөвлөмжийг дагаарай.
Домэйн нэрийг нь сайтар шалга. Жишээ нь, khanbank.com вэбсайтыг khan-bank.com гэж анзаарагдахааргүй жижиг өөрчлөлтөөр хуурамчаар дуурайлгасан байж болно. Иймээс нэвтрэхээсээ өмнө вэбсайтын албан ёсны линкийг баталгаатай эх сурвалжаар шалгаж байгаарай.
HTTPS хамгаалалт байгаа эсэхийг шалга. Вэб хаягийн линкийн хамгийн эхэнд “https://” болон цоожны тэмдэг байгаа эсэхийг хараарай. Хэрэв байхгүй бол тухайн вэбсайт эрсдэлтэй байх магадлал өндөр.
Антивирус програм ашигла. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн антивирусийн програм (жишээ нь Avast, Norton гэх мэт) нь хуурамч, сэжигтэй вэбсайтуудыг илрүүлж, таны төхөөрөмжийг хамгаалдаг.
Хувийн мэдээллээ хэзээ ч бүү оруул. Картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ ямар ч тохиолдолд оруулж болохгүй. Хэрэв санамсаргүй байдлаар мэдээллээ оруулсан бол нэвтрэх нэр, нууц үгээ яаралтай сольж, банкны картаа дахин захиалаарай.
Давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлээрэй. Банкны аппликэйшн, и-мэйл, сошиал хаягтаа давхар танин баталгаажуулалт (2FA) тохируулснаар нууц үг алдагдсан тохиолдолд ч таны дансанд зөвшөөрөлгүй хандах эрсдэл буурна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна