НҮБ-ын санхүүжилт энэ жил түүхэнд байгаагүйгээр багассан тул хэдэн мянгаар хэмжигдэх ажлын байрыг цомхотгожээ. Энэ байдал ирэх 2026 онд ч үргэлжлэх төлөвтэй байна.
Тухайлбал, НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн комисс 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд хандивлагч орнуудаас 33 тэрбум ам.долларын санхүүжилт хүссэн. Өнгөрсөн жил 45 тэрбум ам.доллар хүссэн ч ердөө 12 тэрбум ам.доллар цугласан тул ирэх жил 33 тэрбум болгож бууруулсан нь энэ аж. Энэ хэмжээний мөнгө цугларсан тохиолдолд 135 сая хүнд хүрч тусална. Гэхдээ гүйцэтгэл нь өнгөрсөн жилийнхээс дээрдэнэ гэсэн баталгаа алга.

АНУ болон Европын томоохон орнууд геополитикийн шалтгаанаар НҮБ-ын санхүүжилтийг бууруулсан. ЕНБД А.Гутерриш санхүүгийн хязгаарлагдмал нөхцөлд байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахаар байгууллагын зардлын бүтцээ судалж байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, хэмжээнээсээ хэтэртэл томорсон гэгдэж байсан НҮБ-ын хүмүүнлэгийн болон дүрвэгсдийн ажилд оролцдог агентлагууд ажлын байраа мянга, мянгаар цомхотгох нь тодорхой байгаа юм.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн комиссын дарга Том Флетчер 33 тэрбум ам.долларын хүсэлтийнхээ талаар “Дэлхийн улс орнууд өнгөрсөн жил 2.7 их наяд долларыг батлан хамгаалахад буюу буу, зэвсгийн салбарт зарцуулсан. Бид үүний 1%-иас арай илүү хувийг л хүсч байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна