-Баруун Европ В.Зелинськийг сүүлчийн украин хүн үхэж дуустал тулалдуулах уу-
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинд энхтайван тогтоох үйл явц удааширсны бурууг Ерөнхийлөгч В.Зелинськийд тохож, “Энхийн төлөвлөгөөгөө уншаагүй” гэж буруутгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний дараа “В.Зелинський АНУ-д хэрэггүй болсон тул өөр хүнээр солих нь” гэсэн яриа гарсан, Украин Барууны Европын дэмжигчдэдээ тулгуурласан байлдааны шинэ төлөвлөгөө зурж эхэлснийг мөн дурдсан.
Тэгвэл В.Зелинський өчигдөр Европын нөлөө бүхий улсуудад айлчилж, сүүлд өгүүлсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцээр хийсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
Владимир Зеленский эхлээд /даваа гарагт/ Лондонд айлчилжээ. Тэнд тэрбээр "Сайн дурын эвсэл" гэгддэг Их Британи, Франц, Германы тэргүүлэгч орнуудын удирдагчидтай уулзсан бөгөөд тэр өдрөө Брюссельд очиж, Европын Холбоо болон НАТО-гийн удирдагчидтай хэлэлцээ хийсэн байна. Дээрх уулзалт, хэлэлцээрийн гол сэдэв нь АНУ-ын санаачилсан Украинд энх тайван тогтоох төлөвлөгөө байсан бөгөөд Европ дахь холбоотнууд нь Украиныг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн аж.
Өчигдөр В.Зелинський Италийн Ром хотод айлчилсан. Хэвлэлийн нарийн бичгийн дарга Сергей Никифоровынх нь мэдээлснээр, тэрээр мягмар гарагт Ромын Пап лам XIV Левтэй уулзаж, Ерөнхий сайд Жоржиа Мелонитой хэлэлцээ хийсэн байна.
Дээрх уулзалт хэлэлцээрүүдийн талаар В.Зелинський өөрөө "Бид бүх асуудлаар байр сууриа зохицуулсан. Бид зохицуулалттай, бүтээлч байдлаар ажиллаж байна" гэж бичсэн.
Хэлэлцсэн бусад сэдвүүдийн тухайд,
-PURL санаачилгын хүрээнд АНУ-аас зэвсэг худалдан авах,
-Европын Холбооны царцаасан Оросын хөрөнгийг барьцаалсан зээл зэрэг Украиныг санхүүжүүлэх төлөвлөгөө багтсан байна.
“Их долоо” /G7/-гийн Сангийн сайд нарын мэдэгдэлд ОХУ-ын царцаасан хөрөнгийг Украиныг дэмжихэд ашиглах боломжтой гэж дурдсан. Энэ төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ АНУ өмнө ньв мэдэгдсэн бол сүүлд Япон мөн эсэргүүцэж, хөрөнгийг хэрхэх эсэхийг энхийн хэлэлцээрийн хүрээнд шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлээд байна.
"Царцаасан" гэх хөрөнгө нь 300 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Энэ хөрөнгөөр дайныг санхүүжүүлснээр мэдээж хугацаа нь "сунжирна". Олон ч хүн амиа алдана. Гэвч ОХУ мөн энэ хэмжээний нөөц бололцоогоо зарцуулж, хүч нь суларна гэдэг эрх ашигт Барууны удирдагчид ач холбогдол өгч байна. Тодруулбал, ОХУ-ын Баруун Европт цөмрөх эрсдлийг бууруулах, орсон тохиолдолд чадамжийг нь сул байлгах тал анхаарч байгаа нь тодорхой байгаа юм. Ямартай ч, Украинд энхтайван тогтсоны дараа энхийн бүтээн байгуулалт, сэргээн босголтод зарцуулагдах талаар яригдаж байсан ОХУ-ын "царцаасан" хөрөнгийг Барууны удирдагчид дайныг үргэлжлүүлэхэд ашиглахаар В.Зелинськийг ятгаж байгаа нь тодорхой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна