АВСТРАЛИ: 16-гаас доош насны хүүхдийг сошиал медиад орох эрхийг хязгаарлах хууль хэрэгжиж эхэллээ

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

Австрали улсад 16-гаас доош насны хүүхдийг сошиал медиа ашиглахыг хориглосон хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Энэхүү хууль нь дэлхийд анхны тохиолдол тул олон улсын хэвлэлүүд ач холбогдол өгөн мэдээлж байна.

Хуулийн хүрээнд Австралийн 16 хүртэлх насны хүүхдүүд өнөөдрөөс Instagram, “Facebook”, “Threads”, “X”, “Snapchat”, “Kick”, “Twitch”, “TikTok”, “Reddit”, “YouTube” зэрэг платформд нэвтрэх боломжгүй болж байна. Дээрх платформуудыг ажиллуулдаг Google зэрэг компаниудад Австралийн Засгийн газраас хуулийг биелүүлэхийг сануулсан албан бичгийг илгээж, зөрчсөн тохиолдолд 33 сая ам.доллар хүртэлх мөнгөн торгууль ногдуулахыг анхааруулсан байна.

Хууль хэрэгжиж эхэлсний дараа Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез “Өнөөдөр миний хувьд тэмдэглэлт өдөр боллоо” гэж хэлснийг ВВС онцолжээ.  

Э.Албанез хүүхдүүдэд зориулж бичлэгээр мэдэгдэл гаргахдаа “Шинэ спорт, шинэ хөгжмийн зэмсэг тоглож эхлэх эсвэл тавиур дээр чинь удаж буй номуудыг уншихыг уриалж байна” гэжээ.

Австралийн энэхүү зоригтой алхам нь сошиал медиагийн хор хөнөөлөөс хүүхдүүдийг хамгаалж үлдэх боломж байгааг харуулсан явдал болж байна гэж ВВС агентлагийн Австрали дахь сурвалжлагч бичжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна