-Д.Трампын “зогсоосон” долоон дайны нэг нь сэргэв-
Тайланд, Комбожийн хил дээр маргаан үүссэний улмаас хоёр улс зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжжээ. Яг одоо Тайлан, Камбожийн хил дагуу зуу, зуун км зурвас газарт байлдааны ажиллагаа явагдаж байна. Байлдаанд их буу, пуужин хүртэл ашиглаж байгаа талаар ВВС агентлаг мэдээллээ.
Камбож, Тайланд улсууд өнгөрсөн тавдугаар сард хилийн маргаан дэгдээж, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн долдугаар сард эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулан зогсоогоод байсан. Нобелийн энхтайвны шагналтныг тодруулах үеэр яригдаад байсан “Д.Трампын зогсоосон долоон дайн”-ы нэг нь энэхүү Тайланд, Камбожийн хилийн мөргөлдөөн юм.

Дэлхийн тэргүүлэх гүрний оролцоотой зогссон энэ мөргөлдөөн өнгөрсөн ням гарагт жижиг асуудлаас болж дахин сэргэжээ. ВВС агентлагийн бичсэнээр, хилийн маргаантай бүс рүү зам тавьж байсан Тайландын инженер цэргийн баг Камбожийн цэргүүд рүү гал нээсэн нь мөргөлдөөн дахин эхлэхийн шалтгаан болжээ.
Өдгөө хил дагуух тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд байлдааны ажиллагаа хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй байна.

Эдийн засаг, армийн хүчин чадлын хувьд Камбож улс Тайландад хүрэхгүй. Гэсэн ч газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэж эрс мэдэгдэж байгаа бөгөөд хилийн бүсдээ газрын мина байрлуулах ажлаа үргэлжлүүлсээр буй нь Тайландын олон нийтийг ч дургүйцүүлж байгаа юм.
Тэрхүү минад Тайландын долоон цэрэг өртөж, хөлгүй болсон аж.

Хоёр улс өмнө нь өнгөрсөн тавдугаар сард хилийн мөргөлдөөн даамжирсны улмаас дөрөв хоногийн турш байлдсан. Зургаадугаар сарын 26-нд нь Д.Трамп Truth Social сүлжээндээ “Би Тайландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэй одоо утсаар ярьж, гал зогсоон, дайнаа дуусгахыг хүснэ” гэж бичиж байлаа. Хоёр улс ямар ч нөхцөлгүй гал зогсоохыг зөвшөөрсөн. Учир нь, Малайзад болсон энхийн хэлэлцээрийн үеэр Д.Трамп байлдаанаа зогсоохгүй бол хоёр улстай хийж байгаа худалдааны татварын хэлэлцээрээ цуцална гэж сүрдүүлсэн юм. Тайланд, Камбож улсуудын эдийн засаг АНУ-ын экспортоос ихээхэн хамаардаг. Гэсэн ч одоо байлдаж байгаа нь алсдаа аль, алинд нь ихээхэн хохиролтой тусаж магадгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна