Дэлхийн I дайны үед дайтагч талууд "Зул сарын баяр"-аар түр эвлэрч, хөлбөмбөг тоглосон сонин тохиолдол

Zuv.mn
1 цаг 44 минутын өмнө

-Зул сарын баярын утга учир нь гэр бүл, уучлал, эвлэрэл байдаг-

Христийн тооллын шинэ оны эхний өдөр өнөөдөр тохиож байна. Монголчууд шинэ жилийн баярыг заавал сүлд мод засч тэмдэглэдэг гэж ойлгодог явдал бий. Үнэндээ бол сүлд модондоо ч биш, гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байхад гол утга учир нь оршдог юм байна.

Эдүгээ дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа он тоолол Христ мэндэлснээс эхлэлтэй. Энэ утгаараа “Зул сар” нь хүн төрөлхтний хамгийн эртний баярын нэг юм.

Зул сарын баяр 12 хоног буюу нэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилдэг. Эдгээр өдрүүдэд ойр дотны хамаатан садныдаа зочлон очдог байна. Энэ талаараа манай Цагаан сарын баяртай төстэй. Энэхүү баярын өдөр мөн хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуйж, гомдсон нь бусдыгаа уучлан эвлэрдэг уламжлалтай.

Хоорондоо зэвсэг барин тэмцэж байсан Их Британи, Германы арми Зул сарын баярын өдөр гал зогсоон эвлэрч байсан хачирхалтай тохиолдол ч бий. Түүхэнд “Зул сарын эвлэрэл” хэмээн бичигдсэн энэ үйл явдал 1914 онд болсон юм.

Энэхүү түүхэн үйл явдлын талаар чөлөөт нэвтэрхий толь “Википедиа”-д “Дэлхийн I дайны үед 1914 оны 12 сарын 24-ны Зул сарын баярын үдэш Англи, Германы хоорондоо дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч, хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. (Герман. Weihnachtsfrieden; Англ.Christmas truce) Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асаан Зул сарын ёслолын дуу дуулахад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлсэн гэдэг. Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байжээ. Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсч 30км гаруй фронтын зурваст Зул сарын баярыг өмнөх өдөр нь хоорондоо дайтсан цэргүүд хамтарч тэмдэглэсэн юм.

1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг нэг нэгэнтэйгээ солилцдог хоббитой байжээ. Эвлэрлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, нэгэн үсчин герман цэрэг англи цэргийн үсийг засч өгч, фронтын завсрын бүсэд хаягдсан амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж маш онцгой үйл явдал болжээ” хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна