ВЕНЕСУЭЛЬ: Уго Чавесын өмгөөлөгчөөс улсын Тэргүүн хатагтай болсон бүсгүй

Zuv.mn
22 цаг 27 минутын өмнө

-Нөхөртэйгөө хамт баригдсан Венесуэлийн Тэргүүн хатагтай Силия Адела Флорес гэж хэн бэ-

АНУ энэ сарын 3-нд Венесуэльд цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог эхнэрийн хамт баривчилсан билээ. Бид энэ удаад Н.Мадурогийн гэргий, Венесуэлийн тэргүүн хатагтай Силия Адела Флоресын талаарх мэдээллийг хүргэж байна.

Силия Адела Флорес бол хуульчаар ажиллаж байгаад улстөрч болсон нэгэн бөгөөд Николас Мадурогийн хоёр дахь эхнэр аж. Тэд 1990-ээд онд танилцаж, Н.Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа, 2013 онд гэрлэжээ.

Силия Флорес 1956 оны 10-р сарын 15-нд Венесуэлийн Кохедес мужийн Тинакилло хотод төрсөн. Тэрээр 1992 оны, цэргийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогынх нь дараа Уго Чавес болон түүний хамтрагчдын өмгөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр Уго Чавесийг шоронгийн тав болохоос нь аварч, сулласан хуульчдын багийн ахлах өмгөөлөгч байв.

Уго Чавес Силиягийн ачаар суллагдсанаасаа хойш дөрвөн жилийн дараа буюу 1998 онд Засгийн эрхийг авсан ба үүнд Силия мөн хүчин зүтгэсэн аж. Түүнээс хойш Венесуэлийн улс төрд хамгийн нөлөө бүхий эмэгтэй болжээ.

Уго Чавесын ивээлд багтсан тэрбээр 2000 онд Венесуэлийн Үндэсний Ассамблейд сонгогдож, 2006 онд Үндэсний Ассамблейн даргаар сонгогдсон анхны эмэгтэй болсон байна. Уг албан тушаалаа 2011 он хүртэл хашсан.

Уго Чавес Флоресийг 2012 онд Венесуэлийн Ерөнхий прокуророор томилсон байдаг. Эх сурвалжуудын хэлснээр, Силия Флорес нь улс төрд нөхрөөсөө илүү туршлагатай тул Н.Мадурогийн бараг л ментор нь байсан гэж үздэг аж. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч Н.Мадурог төрийн тэргүүн болж төлөвших хугацаанд чухам энэ эмэгтэй ард нь байж, төрийн эрхийг барьж байсан гэнэ. Н.Мадуро өөрөө ч нэгэнтээ эхнэрээ “Гал цогтой, дайчин зан чанартай” гэж магтаж байжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна