Ираны ард иргэд шинэ оны босгон дээр төр засгаа эсэргүүцэн тэмцэл өрнүүлэв. Засаглал нь бүс нутагтаа хамгийн тогтвортой гэж тооцогддог улсад ийм үйл явдал болж, их хэмжээний цус урссан нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татлаа. Төр засгаас эсэргүүцлийг хүчээр нухчин дарах бодлого баримталж, хоёр долоо хоногт 2500 хүний амь нас эрсэджээ.
Иранд хамгийн сүүлд 2009 онд энэ хэмжээний олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, хэдэн сая иргэдийг хамарч байв. Тухайн онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний Мир Хосейн Мусави, Мехди Карруби нарыг ялах магадлалтай гэж байсан ч эцсийн дүндээ Махмуд Ахмединежад ялж гарч ирсэн нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн түүхтэй.
Харин энэ удаагийнх өөр. Иргэд эдийн засгийн байдалдаа сэтгэл дундуур байгаа учраас гудамжинд анхлан гарч ирсэн. Бүр нарийн хэлбэл, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс болж жагсаал эхэлжээ. Яваандаа улс төр, шашны удирдагчдыг огцрохыг шаардсан улс төрийн тэмцэл болсон гэж буй. Яг хичнээн хүн жагссан нь ч тодорхойгүй. Төрийн эрх мэдэлтнүүд бага, барууны мэдээллийн агентлагууд үүнээс 10, 20 дахин их тоо бичиж, мэдээлж буй. Бослого илүү хүчээ авсан, Али Хаменей Москва руу зугтах төлөвлөгөө боловсруулсан гэсэн мэдээлэл ч гарсан.
Залгуулаад АНУ цэргийн ажиллагаа явуулах асуудал сөхөгдсөн нь энэ удаад Иранд төр эргэх нь баараггүй болсон мэт сэтгэгдэл төрүүлж байна.
АНУ өмнө нь газрын тосны үнийг унагаж, ОХУ-ыг сулруулах эрх ашигтаа хэт хөтлөгдөөд Иранд тавьсан хоригоо цуцалж байсан. Хассан Роухани ерөнхийлөгч болсныхоо дараа барууны орнуудтай цөмийн хөтөлбөрөө барьцаалан энэ хэлэлцээрийг хийж байв. Энэ бол 2015 оны асуудал бөгөөд тэр үед АНУ-ын нэг бус улстөрч “Тэд олсон мөнгөө зэвсэглэлд зарцуулна, алан хядагчдыг санхүүжүүлнэ” хэмээн анхааруулж байсан. Энэ анхааруулга үнэн болж хувирснаар Иранд бас нэгэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан түүхтэй. Тодруулбал, Иран улс газрын тосны экспортоос орж ирсэн 300 тэрбум ам.доллароо Сирийн дайн, цэрэг, зэвсэгтэй холбоотой зүйлд зарцуулж орхисон асуудал илчлэгдэж, иранчуудын зүрхийг хөөргөж орхисон хэрэг.
Иргэдийнхээ амьжиргааг сайжруулна, хэрэггүй зүйлд мөнгө үрэхгүй гэж амлан 2017 оны тавдугаар сарын сонгуульд ялалт байгуулсан Хассан Роухани Сирийн дайнд ОХУ-тай нэг жигүүр болж тулалдан, 2000 гаруй цэргээ алдаж, эдийн засгийн асар их зардал гаргасан бөгөөд хориг сэргэж, Иран мөнгөгүй болж байж л больсон юм.
Эсвэл АНУ, Израиль, Саудын Араб байгаа юу
Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэх бүрд эрх баригчид нь барууны улсуудыг буруутгадаг заншилтай. М.Ахмединежадын үед ч, Х.Роуханигийн үед ч ийм явдал байсан. Жишээ нь, 2017 оны эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Ерөнхийлөгч Хассан Роухани, бүх иранчуудын оюун санааны удирдагч Али Хаменей тэргүүтэй томчууд нь “Бослогын ард АНУ, Израиль, Саудын Араб улс байгаа” гэж мэдэгдсэн. АНУ бол Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэгч гол улс. Харин Израиль бол Ираны гол дайсан гэж тооцогддог улс. М.Ахмединежад Ерөнхийлөгч байхдаа “Израилийг газрын хөрснөөс арчина” гэж мэдэгдэж байсан ч удаатай. Харин Саудын Араб бүс нутагтаа тэргүүлэхийн төлөө Ирантай өрсөлдөгч. Ийм учраас л төрийн өндөр албан тушаалтнууд дээрх гурвыг нэр цохсон хэрэг. Үнэхээр ч тэмцэгчдэд АНУ, Израиль улс эчнээгээр итгэл өгсөн байхыг үгүйсгэхгүй бөгөөд бослого тэмцэл ид өрнөж байх үед Д.Трамп “АНУ босогчдыг дэмжинэ” гэж, Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху “Ардчилсан Иран улс Израилийн анд нөхөр” гэж мэдэгдэл хийсэн байдаг.
Харин энэ удаад АНУ-ын нэр илүү тод сонсогдож байгаа бөгөөд Д.Трамп Ирантай бизнес хийсэн улсуудад татвар тогтооно гэж зэргээр эрх баригчдад дарамт үзүүлэхийг хичээж байна. Цэргийн ажиллагаа явуулах асуудал ч хөндөгдөж эхэлсэн. Тэгэхээр, явж, явж эсэргүүцлийн шалтгаан эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэх ч дам утгаараа үүний хүссэн АНУ байгаа нь тодорхой юм. Учир нь, Иран одоо болтол барууны орнуудын хоригт байгаа, үүнээс болж эдийн засаг нь хүнд байгаа шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна