"АНУ төвтэй Шинэ НҮБ" гэж шүүмжлүүлж буй “Энхийн зөвлөл”-ийн тухай

Zuv.mn
1 цаг 39 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энхийн зөвлөл нэртэй бүтэц байгуулж, Давосын эдийн засгийн зөвлөлийн үеэр нээлтээ хийн, үүсгэн байгуулагч гишүүн улсуудаа албан ёсоор бүртгэсэн билээ. Энэхүү байгууллага ямар учиртай, яагаад НҮБ-ыг орлох бүтэц гэж шуугиад байгаа талаар мэдээлэл цуглуулснаа хүргэж байна.

"Энхийн зөвлөл" гэж юу вэ, хэзээ байгуулагдсан бэ

Энхийн зөвлөлийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байгуулж, өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр танилцуулж байжээ. Байгуулсан шалтгаанаа Газын зурвасын удирдлага, сэргээн босголт, эдийн засгийн сэргэлтийг дэмжих механизм гэж тодорхойлсон нь НҮБ-ын шийдэж чадалгүй хүчин мөхөстсөн, 2023 онд эхэлсэн Газын зурвасын дайн байв. Шинэ бүтцийг НҮБ-ыг орлох, гэхдээ АНУ-ын талыг барьсан шинэ НҮБ гэж хардах нэг шалтгаан нь энэ. Хоёрдугаарх буюу хамгийн том шалтгаан нь, өчигдөр Давост нээлтээ хийсэн, анхны гишүүн улсуудаа бүртгэсэн Энхийн зөвлөлийн найман бүлэг, 13 зүйл бүхий 11 хуудас дүрэмд “Газын зурвас” гэсэн үг нэг ч байхгүй. Харин "Тогтвортой байдлыг дэмжих, найдвартай, хууль ёсны засаглалыг сэргээх, мөргөлдөөнд нэрвэгдсэн эсвэл заналхийлж буй бүс нутагт тогтвортой энх тайвныг хангахыг эрмэлзэнэ" гэх мэт, шинэ олон улсын байгууллагын үйл ажиллагаа явуулах өргөн хүрээтэй заалтуудыг оруулж өгчээ.

Байгууллагын бүтэц

Цагаан ордны мэдээлснээр, байгууллагын дээд удирдлага нь "Үүсгэн байгуулагч” болон долоон гишүүний орон тоотой “Гүйцэтгэх зөвлөл" байна. Мөн төсөв санхүү, гадаад бодлого зэрэг чиг үүрэг бүхий албан тушаалтнуудыг томилдог. Харин долоон гишүүнээс бүрдэх гүйцэтгэх зөвлөл нь эрхэм зорилгыг хэрэгжүүлэх үүрэгтэй гэжээ.

Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Трампын хүргэн Жаред Кушнер, Дэлхийн банкны ерөнхийлөгч Ажай Банга нарын зэрэг /зураг/ хүмүүс багтсан байна.


Дарга нь Д.Трамп. Дүрэм тайлбарлах, гишүүнчлэл олгох, хасах, гүйцэтгэх зөвлөлд санал оруулах, гаргасан шийдвэр нь хориг тавих зэрэг онцгой эрхүүдийг эдэлнэ.

Түүнчлэн Зөвлөлийн гишүүд "Газын зурвасын нөхцөл байдлыг тогтворжуулах, урт хугацаанд тогтвортой байлгахад ач холбогдолтой тодорхой багцыг хянана. Үүнд засаглалын чадавхийг бэхжүүлэх, бүс нутгийн харилцаа, сэргээн босголт, хөрөнгө оруулалт татах, томоохон хэмжээний санхүүжилт, хөрөнгийн дайчлах" зэрэг багтана гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.  

Үүсгэн байгуулагч болон зөвлөлийн доор бүс нутгийн зохицуулалт хийх үүрэгтэй, Арабын орнуудын төлөөлөгчдийн дэмжлэг бүхий "Газын гүйцэтгэх зөвлөл" байрладаг. Үүрэг нь Газын "үр дүнтэй засаглалыг дэмжих" гэжээ. Түүний доор Палестины Засаг захиргааны дэд сайд асан Али Шаат даргатай "Газын захиргааны үндэсний хороо" (NCAG) байх аж. Энэ бол Энхийн зөвлөлийн иргэний бүтэц.

Дэргэд нь АНУ-ын армийн хошууч генерал Жаспер Жефферс тэргүүтэй “олон улсын тогтворжуулалтын хүчин” гэх цэргийн бүтэц байх бөгөөд энэ нь зэвсэг хураах эрхтэй байхаар заажээ.  


Энхийн зөвлөлийн гишүүнчлэлийг даргын буюу АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар олгоно. Гишүүн орнуудыг төрийн тэргүүнүүд нь юм уу, төрийн өндөр албан тушаалтнууд нь төлөөлж, зөвлөлийн үйл ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

Гишүүнчлэлийн хугацаа нь гурван жил. Гурван жил тутамд гишүүд солигдоно гэж ойлгож болно. Гэхдээ эхний нэг жилд тэрбум ам.долларын хандив өгсөн улсуудад байнгын гишүүнчлэл олгоно.

Д.Трамп өнгөрсөн мягмар гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Энхийн зөвлөлийн талаар “НҮБ сайн ажиллавал сайн. Тэгсэн бол Энхийн зөвлөл ч байгуулах хэрэггүй байх сан. Миний шийдсэн бүх дайны үед НҮБ надад дэмжлэг үзүүлээгүй” гэж хэлсэн нь олон нийтийн хардлагыг улам ч төрүүлж буй. Одоо энэ сэдэв рүү оръё.

Уригдсан, уригдаагүй, уригдсан ч элсэхийг зөвшөөрөөгүй улсууд

Энхийн зөвлөл эхлээд 17 улсад гишүүнээр элсэх урилга илгээсэн гэж мэдэгдсэн. Өчигдрийн байдлаар дэлхийн 50 орчим улс орны удирдагчид Энхийн зөвлөлөөс урилга хүлээж авснаа баталгаажуулаад байна. Тэдгээрийн дотор АНУ-ын ойрын холбоотон гэгддэг Израиль Их Британи, Франц, Канад, Израиль, Саудын Араб, Австрали зэрэг улсууд багтсан.

Болзошгүй дайсан ОХУ, БНХАУ-д мөн урилга илгээсэн ч одоогоор шийдвэр гаргаагүй байдалтай байна. Хагрин Словен улс одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын хэм хэмжээнд хөндлөнгөөс оролцох аюултай гэсэн үндэслэлээр татгалзжээ.

“Алуурчин, дарангуйлагчид багтсан” гэх шүүмжлэлийн тухайд...

Энхийн зөвлөлийн анхны гишүүнээр Турк, Израиль улсууд багтсан нь олон нийтийн зүгээс "Алуурчин, дарангуйлагчдын нэгдэл" гэсэн шүүмжлэл сонсох шалтгаан болж байгаа тал бий.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган дарангуйлагч гэж тооцогддог бол Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху Газын зурвасны дайны нэг оролцогчоос гадна Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгтэн гэж зарлаад байгаа юм.

Түүнчлэн, зөвлөлийн анхдагч буюу үүсгэн байгуулагч гишүүнээр элссэн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүүг сэтгүүлч Жамал Хашоггийн аллагыг захиалсан гэж хэвлэлүүд мэдээлж байв.   

Энэ бүхнээс харахад, НҮБ АНУ-д хэрэггүй болж, үйл хэрэг, үзэл санаа нэгтнүүдтэйгээ шинэ олон улсын хамтын нийгэмлэг бий болгож буй нь бараг тодорхой болж байх шиг...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна