Өмнөд монголчууд Монгол Улс хөгжнө гэж итгэн ирж байна

2017/01/17
Сэтгүүлч Алтантүрүү “Танайд хоноё” нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг Монголд цагаачлан сууж буй, Ордос нутгийн уугуул ард Эрдэнэдалайн гэрт зочлон бэлтгэсэн нь монголчууд харилцан ойлголцох, мэдэлцэхэд ач тустай болжээ.

Эрдэнэдалай 40 хүрч байгаа бөгөөд, эхнэр хүүхдийн хамт УБ-т суудаг. Монголд амьдрах болсоор 16 жил болж. 1999 онд 22-хон настай байхдаа төрийн ажлаар Монголд ирээд, монгол ахан дүүсийнхээ сайхан эх оронд татагдан, өдрийн бодол, шөнийн зүүд болон ирж суужээ. Хаашаа л харна, монголчууд, хаа ч очно, монголоор ярьж байсан нь үлгэрийн юм шиг санагдан бишрүүлжээ. Тэр цагаас хойш Монголын иргэн болохыг мөрөөдсөөр өдий хүрчээ. Ордост амьдралын төвшин дөнгүүр ч, тэрийг чухалд тооцсонгүй. Жишээ нь, одоо Ордост гайгүй малчин жилийн 300 сая төгрөгийн, дундаж малчин 50-60 сая төгрөгийн орлоготой байдаг гэнэм. 2001 оноос уйгагүй хөдөлмөрлөсөөр, өдгөө товхийсэн бизнес босгон аж төрж байна.

“ӨМӨЗО гэж хэлэхээс санаа зовдог. Хууль ёсоор тэнд өвөр монголчуудын өөртөө засах засгийн ордон, өвөр монголчуудын засаг байх ёстой. Гэтэл огт тийм юм үгүй. Өвөр Монголд ямар ч улс төрийн эрх чөлөө байхгүй. Чөлөөтэй улс төр ярих гэвэл шоронд хийх зэргээр дардаг. Энд бол улс төрийн тэмцэл хийвэл сурвалжилж сурталчлаад, бүх мэдээллээр цацах юм. Тэнд бол огт тийм юм байхгүй. Ний нуугүй хэлэхэд, миний энд сууж байгаа нь нэг ч гэсэн монгол хүн эрх чөлөөтэй болж буй хэрэг шүү дээ. Эрх чөлөө бол үнэлж баршгүй эрдэнэ. Эрх чөлөөтэй бол бусад зүйл бүтнэ” гэж тэрбээр ярьж байлаа.

“Монгол улс яавал хөгжих вэ” гэхэд “Монгол улс хөгжиж л байгаа. Бүр сайн хөгжиж, Хятадаас илүү болно гэдэгт итгэдэг. Энэ их байгалийн баялаг, газар нутаг, цөөн хүн ам байхад яаж бол яаж хөгжих бүх бололцоо нь хангагдаж байна. Хятадад авлига их ч, дарга нар нь улс нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ бас биелүүлж, их юм бүтээж байна. Хүн ард нь ажилсаг. Монголд бас дарга нар нь үүргээ биелүүлж, ард иргэд нь үнэн шударгаар хөдөлмөрлөн хичээвэл дороо өндөр хөгжилд хүрнэ. Одоогийн бэрхшээлүүд бол цаг зуурынх гэж хардаг” гэв.

Сэтгүүлч Алтантүрүү хурц асуултууд олныг тавьж байв. “Монголын иргэдийг өвөр монголчууд хуурч мэхэлдэг, цэвэр хятад хүн дээр гэж ярьдаг, таны бодол?” гэхэд “Арилжаа наймааны улсын хооронд янз бүрийн юм гарсан байх, жирийн өвөр монголчууд бол бүх монголчуудтайгаа л адил сэтгэлтэй” гэв. “Таныг хужаа гэж дайрч гадуурхаж байна уу” гэхэд “Хужаа гэх явдал байдаг. Гомдмоор л байдаг. Би хужаа юм бол юу гэж монголоор яриад, монголоороо байхсан гэж чармайгаад, тусгаар Монгол улсдаа амьдаръя гээд бүхий хувь заяагаа холбоод явах вэ?” гэв.

Жаахан охин нь аав ээжтэйгээ нийлээд хүүхдэд зориулсан дуу хөгжмийн уран бүтээл хийдэг юм билээ.

Энэ сайхан гэр бүлд иргэний эрхийг нь даруй өгчихөөсэй билээ дээ!

Ч.Мөнхбаяр
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна