Архины худалдаа нууц хэлбэрт шилжиж, хүргэлтээр үйлчилж эхэлжээ

Өчигдөр 15 цаг 03 минут
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор өчигдрөөс эхлэн ирэх баасан гариг хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон. Тэгвэл үүнтэй холбогдуулан зарим иргэд архи, согтуурулах ундааг нууц далд хэлбэрээр худалдаалж, хүргэлтээр үйлчилж эхэлсэн талаар өнөөдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, хамгаалах албаны холбогдох ажилтнууд мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид өчигдөр дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд архи, согтууруулах ундааг иргэд өөр хоорондоо сошиалаар холбогдож, хаягаараа захиалан худалдан авсан тохиолдлууд гарсан байна. Тухайлбал, Дархан-Уул аймгийн харъяат Б нь “+21” фэйсбүүкт “..архи зарна...” гэсэн зар тавьж, улмаар Баянгол дүүрэгт байрлах нэгэн буудалд 12 шил архи, нэг шил виски хүргэж байхад нь цагдаа нар илрүүлжээ.

Одоогоор цагдаа болон мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран архи, согтууруулах ундаа зарж, үйлчилдэг 4346 аж ахуйн нэгж, 710 иргэнийг шалгаж, тусгай зөвшөөрөлгүй таван байгууллагын үйл ажиллагааг зогсоон, 3949 байгууллагад мэдэгдэл өгч, 1393 шил архи, 3945 шил шар айрийг битүүмжлээд байгаа аж. Цагдаагийн байгууллагаас иргэдийг шинжилгээнд хамрагдаагүй, баталгаагүй архи худалдан авч хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна