УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар түүнээс байр суурийг нь сонирхлоо.
- Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарласан заалт Зөрчлийн хуульд орж ирснийг хэвлэл мэдээллийнхэн нэгдэж эсэргүүцлээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Сэтгүүл зүйн түүхэнд байгаагүй, хараар тэмдэглэгдэх үйл явдлыг энэ парламентын үед гаргалаа. Энэ үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцэж байгааг зөв гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийнхэн өөрсдийгөө хамгаалах гэж эсэргүүцээгүй. Иргэд олон нийтийн үнэнийг мэдэх эрхийн төлөө зогссон гэж ойлгож байгаа. Өмнөх парламентын үед сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотойгоор торгох, шийтгэх, барьж хорих байдлын эсрэг сэтгүүлчдийн байгууллага, улстөрчид олон жил ажилласан. Ингээд Зөрчлийн хуульд тусгаж өгсөн юм. Гэтэл буцаагаад эрүүгийн хууль руу оруулъя, улмаар торгуулийн хэмжээ хорих ялыг нэмэгдүүлэх санал зарим улстөрчдөөс гарсан.
Тухайн үед би ийм асуудал гаргасан улстөрчдийг нэр зааж чуулганы танхимд сануулж ойлгуулж хэлж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй бололтой юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар сэтгүүлчийг 20 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох санал оруулж дэмжүүлсэн. Толгойгоо ажиллуулж өөр олон арга замыг бодож болох байсан. Зүгээр л тоог өсгөж асуудалд хөнгөн хандаж болохгүй. Манай сэтгүүлчид алддаг онодог зүйл бий. Ийм тохиолдолд уучлал гуйж залруулга гаргах ёсзүйн зөвлөлтэй болчихсон. Тэгэхээр сэтгүүлчид хариуцлага хүлээхгүй гээгүй. Гүтгэлэг гэдэг үгний цаана юу нуугдаж байна вэ гэдэг сонин. Нэг жишээ Чингис бондоос зээл аваад төлөөгүй олон хзүн байгаа юм билээ. Гэтэл тэр мэдээлэл хаалттай, олон нийтэд хүрэхгүй байна.
-Телевизүүд эфирээ хаасан нь олон нийтэд айдас түгшүүр төрүүллээ , утааны эсрэг эфирээ хаагаагүй байж Зөрчлийн хуульд нэг санал оруулсныг эсэргүүцсэн нь буруу гэж үзэх хэсэг байна. Үүссэн асуудалтай холбоотойгоор хэн хариуцлага хүлээх ёстой вэ?
-Энэ асуудлаас болоод хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Бид хохирч байгаа байхгүй юу. Хоёрдугаарт олон нийт цочирдсон. Ийм үйлдэлд хүргэснийхээ төлөө улстөрчид уучлал гуйх ёстой. Нөгөө талаас парламентын нэр хүндийг сэвтүүллээ. УИХ найман байнгын хороотой. Энэ бол ганцхан байнгых хороон дээр яригдсан асуудал. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж ийм хуулийн бэлтгэл хийж байна ч гэдэг байдлаар асуудалд битгий хандаасай гэж хүсч байна. Хуулийн заалтыг санаачлагч нь өчигдөр саналаа татсан учир засагдаад явах байх. Гэхдээ маш том сэв, маш том гомдлыг үлдээлээ.
-МАН-ын удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдаж санал гаргасан гишүүнийг саналаа татахыг шаардсан гэх мэдээлэл байна?
-МАН-ын удирдах зөвлөл хуралдсан. Гэхдээ энэ асуудлаар биш. Хурлын үеэр Ө.Энхтүвшин дарга энэ асуудлыг тавьсны үндсэн дээр авч хэлэлцсэн. УИХ-ын дарга М.Энхболд “Хэвлэл мэдээллийн салбар бол нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлдэг чухал салбар. Ийм асуудалд тоомжиргүй хандаж болохгүй. Үүгээрээ дамжуулаад ард түмэндээ хүндэтгэлтэй хандах ёстой” гэсэн.
Зарим нэг хүний өөрсдийнхөө дохио зангаагаар хэвлэл мэдээллийг хөдөлгөх гэсэн, нуух юмтай, но-той хэсэг нь санхүүжилтээр боомилж хэвлэл мэдээллийг дарах гэсэн саанаархал бүтэхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ бол цөөн хүнээс гарсан санаа. Цаашдаа дэмжлэг авахгүй гэдэгт итгэлтэй байна.
С.ОТГОН
Сэтгэгдэл бичигдээгүй байна