Д.Амарбаясгалан: Манай намаас MAXН-руу ямар шалтгаанаар явах вэ гэдэг чинь сонин шүү дээ

2017/04/28
Х.Бадамсүрэн:Шахааны Эрдэнэт биш, шилэн данстай, тунгалаг үйл ажиллагаатай Эрдэнэт байх болно

/“Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирал/

Энэ жил уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож буйтай холбогдуулан уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймагт хийх болсон тухайгаа мэдээллийг УУХҮЯ-ны удирдлагууд өгсөн. Энэ үеэр сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлого барьж ажиллаж байгаа. Манай үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ерөнхий захирлын тавилга, машин гэх мэт асуудлаар шуугиан дэгдээх сонирхол байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. 

Түүнээс Ц. Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан бол энэ машиныг л унах байсан. Өөрөөр хэлбэл, Дорж очсон ч шинэ машин унах байсан юм шүү дээ. Миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэтээр хандаагүй гэдгийг хэлмээр байна. Намайг компанийн ТУЗ-ийн гишүүдийн 100 хувийн саналаар томилсон. “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан.

Мөн бэлэн байр худалдаж аваад өгсөн тохиолдол ч байсан юм билээ. Тэр жишгээр явсан юм шүү дээ. Түүнээс Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод гэнэт тансагласан жишиг гаргасан зүйл байхгүй.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” 40 шахам жил Монгол-Оросын хамтарсан статустайгаар ажиллаж ирсэн. Энэ үед эрдэс баялгийг ухаж авахаас илүүтэй нийгмийн болон бусад асуудлыг цогцоор нь шийддэг хэлбэрээр явсан байдаг. Тиймээс өнөөдөр ажиллаж байгаа ОХУ-ын мэргэжилтнүүдэд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ нь өнгөрсөн оны зургаадугаар сард өөрчлөгдсөн.

Төр, нийгмийн итгэлийг хүлээн ажиллаж байгаа хүний хувьд маш болгоомжтой хандах учиртай. Одоогоор ОХУ-ын 270 гаруй гэрээт мэргэжилтэн ажилладаг. Үйлдвэр үндэсний хэмжээнийх болсон учраас мэргэжилтнүүдийг эх оронд нь буцаах, монгол хүнийг ажлын байртай болгох ажлыг үе шаттайгаар хийж байна. Ирэх оны нэгдүгээр cap гэхэд гаднын мэргэжилтнийг 150 болгохоор зорьж байгаа. Мэдээж ОХУ-ын талтай ярилцах асуудал бий. Тиймээс орос хүнийг нарийн бичгээрээ ажиллуулан үе шаттай хэрэгжүүлэх асуудлыг хариуцуулсан юм.

Мөн манай үйлдвэрийн бүрэлдэхүүнд орос сургууль, цэцэрлэг ажиллаж байна. Үүнийг үргэлжлүүлэхийг нутгийн иргэд болон ажилтнууд хүсэж байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” компанийн статус өнгөрсөн оны зургаадугаар сард өөрчлөгдөн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдан авснаар шинээр ТУЗ-тэй болсон.

Ингээд компанийн бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч нь тус тусдаа ажлын албатай байхаар томьёолсон байдаг. Харин би нэгдүгээр орлогчтойгоо яриад “тус, тусдаа ажлын албаар яах вэ дээ, үйлдвэр нэгдмэл бодлоготой, зангидсан гар шиг ажиллах ёстой” гэж шийдсэн. Ингээд нэг ажлын алба байгуулсан. Гэхдээ тэдгээр зөвлөхүүд надад зөвлөхөөс илүү үйлдвэрийн хэлтэс газруудын уялдаа холбоог хангаж ажиллах, том төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй.

Тухайлбал, зөвлөх Н.Бямбадорж гэж хүн бий. Энэ хүн ил уурхайн даргаар 20 гаруй жил ажилласан. Тэр "Эрдэнэт үйлдвэр"-ийн баяжмалыг хайлуулах, боловсруулах асуудлыг хариуцдаг. “Эрдэнэт үйлдвэр”-т “Засвар механикийн завод” гэж байдаг. Энэ завод нь зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-т хэрэгтэй техник хэрэгсэл хийдэг. Бидний цаашдын зорилго бол Монгол Улсын засвар, механикийн завод болгож, машинт үйлдвэрийн суурийг тавих явдал юм. Тиймээс энэ төслийг хариуцаж байгаа.

Өөрөөр хэлбэл, зөвлөх гээд байгаа хүмүүс маш хариуцлагатай төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно” гэсэн юм. Мөн тэрбээр “Зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг гэсэн мэдээлэл гарсан. Үнэндээ тийм асуудал байхгүй. Үйлдвэрээ, салбараа мэддэг хүмүүс л энд ажилладаг. Тэд дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авдаг. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.

Түүнчлэн би өнөөдөр тогтоож өгсөн гурван сая төгрөгийн цалин авч байгаа. Дахиад хэлье. ТУЗ-ийн өмнөх болон одоогийн гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-ээс доллар байтугай нэг ч төгрөгийн цалин аваагүй. Энэ нь манай компанийн санхүүгийн баримтаар нотлогдоно" хэмээгээд цаашид шахааны бизнес гэдэг асуудал гаргахгүй, шахааны Эрдэнэт биш, шилэн данстай, тунгалаг үйл ажиллагаатай Эрдэнэт байх болно гэдгийг хэлсэн юм.

Б.Галаарид:Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэж байгаа нь гурван том шалтгаантай

/Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч/

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 2-20 сая төгрөгөөр торгох байсан хуулийн заалтыг 10-100 сая болгох санал гаргаж, Зөрчлийн тухай хуулийн төсөлд тусгуулсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг эсэргүүцсэний улмаас тэрбээр ХЗБХ-ны хурал дээр гаргасан саналаа татах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. 

Тэгвэл өчигдөр сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д Зөрчлийн хуулийн талаар хэлэлцэж, байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид “Зөрчлийн хуульд тусгагдсан гүтгэвэл торгох хуулийн заалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцэж буй нь гурван том шалтгаантай.

Нэгдүгээрт, торгуулийн хэм хэмжээ эсвэл гүтгэлэгт шийтгэл ногдуулах нь буруу гэж байгаа зүйл бол огт биш. Гүтгэсэн бол хариуцлага тооцох ёстой. Гэхдээ энд ямар асуудал гарч байгаа вэ гэхээр гүтгэлэг гэдэг нэрийн дор үнэн бодитой мэдээлэл өгсөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид буруутгалд орж, хохирох эрсдэл бий болоод байгаа юм.

Хоёрдугаарт, гүтгэлгийг хэн, хэрхэн тогтоож хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд эрх бүхий албан тушаалтан торгоно гэж заасан байна. Гүтгэлгийг нь хэн гүтгэсэн гэж тогтоох вэ. Хариуцлага тооцох эцсийн шийдвэрийг шүүх, цагдаагийн байгууллага тогтоох ёстой байтал хэн нэгэн албан тушаалтан, байцаагч нь тогтоогоод хариуцлага тооцож болохгүй. Тухайн хүний өөрийгөө өмгөөлөх эрх нь хязгаарлагдаж байгаа юм. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй.

Гуравдугаарт, 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн зүйл заалттай. Нэг нь аливаа хэлбэрийн цензурийг хуулиар хориглосон байдаг. Эдийн засаг, улс төрийн болон бусад хэлбэрээр цагдан хорьж болохгүй. Үнийн дүн заасан торгууль, шийтгэлийг хуульд суулгаж байна гэдэг өөрөө эдийн засгийн заалт юм. Эдийн засгийн “цензур” хэрэгжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манайд өнөөдөр дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчиж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Амарбаясгалан: Манай намаас МАХН-руу ямар шалтгаанаар явах вэ гэдэг чинь сонин шүү

/МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга/

МАН-ын Удирдах Зөвлөл энэ сарын 26-нд хуралдсан. Уг хурлаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярьсан байна. Тэрбээр “Манай намын Удирдах зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор бага хурлын товыг тогтсон. Тодруулбал, Монгол Улсын 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах бага хурлаа тавдугаар сарын 03-нд хийхээр шийдвэрлэлээ. Бид олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, ард түмний хүсэмжит улстөрчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн төлөө олон төрлийн судалгаануудыг хийсэн. Тэр ч утгаараа хийсэн судалгаанууддаа үндэслэн нэр дэвшигчийн саналыг Удирдах зөвлөл, Бага хуралдаа оруулж, нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна.

Монгол Ардын нам 2016 оны УИХ-ын сонгууль болохын өмнө  Монгол орон даяар, бүх тойрог дээр судалгаа хийж байсан. Тухайн аймагт МАН-аас хэн гэдэг улс төрч нэр дэвшиж, өрсөлдвөл ялалт авах боломжтой вэ. Ард түмэнд тэр хүн нь хэр үнэлэгдэж, таалагдаж байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр мандатаа хуваарилж, нэр дэвшигчээ тодруулсан.

Тэр нь оновчтой байсан гэдэг нь өнөөдөр 65 суудал авчихсан байгаа нь баталгаа байх гэж харж байна. Үүнтэй нэгэн адилаар судалгааныхаа дүнгээ танилцуулж, бага хурлын 310 гишүүн хэнийг дэвших ю гэдгийг шийднэ дээ. Зөрчлийн хууль нэлээд дуулиан дагуулах шиг боллоо. Мэдээж "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг шиг МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд асуудал оруулаад нөгөөх нь Байнгын хороогоор дэмжигдээд явж байгаа гэдэг нь Монгол Ардын Намтай холбохоос өөр аргагүй. 

Гэхдээ эрх барьж байгаа намын хувьд энэ хуулийн анхны төсөл нь өргөн баригдахдаа ямар байдлаар орж ирсэн бэ гэдгийг нь хэвлэл мэдээллийнхэн маань, ард иргэд анхаарах хэрэгтэй. Анхнаасаа тийм заалттай байгаагүй. Байнгын хорооны хуралдааны үеэр нэг гишүүнээс санал гарч дэмжигдсэн асуудал байсан. ; Гэхдээ санал гаргасан гишүүн " нь саналаа эргүүлэн татчихсан байна билээ.

Мөн нэг зүйл хэлэхэд, манай намаас МАХН руу ямар шалтгаанаар явах вэ гэдэг чинь сонин шүү дээ. О.Баасанхүү гишүүн өглөө босож ирээд л нэг тийм юм ярьдаг жишиг рүү орчихлоо. Яагаад тийм юм яриад байдаг юм бүү мэд.

Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөнтэй холбоотойгоор өөрийнхөө намын дотоод асуудлыг манай намтай холбож, манай намын нэр дэвшигчийн саналыг багагүй хэмжээгээр хуваалгах хүслээ далд байдлаар илэрхийлж байгаа нь энэ байх гэж харж байна даа. Эрх барьж байгаа 65 суудалтай нам ямар байдгийг манай улстөрчид мэднэ ээ” хэмээн ярьжээ

Эх сурвалж:Монголын мэдээ сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна