УИХ-ын 2016 оны сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан бол хууль тогтоох байгууллагад АН 9, МАХН 1, бие даагч 1 тус тус суудалтай болсон билээ.
Тэгвэл Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшээд ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Baabar.mn сайтад өгсөн ярилцлагадаа нэгэн ноцтой зүйлийг хөнджээ. Тодруулбал тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль шударга болсон гэдэгт эргэлзэж буйгаа хэлээд “Ардчилсан нам сонгуульд муу оролцсон гэхэд 65 суудал МАН авах ямар ч нөхцөл байгаагүй. Сонгууль болоогүй луйвар болсон. Магадгүй МАН-ынхан өөрсдөө ч мэдээгүй өнгөрсөн байх” хэмээн ярьжээ.
Мөн тэрбээр энэ тухай үргэлжлүүлэн, “Цахим аргаар санал луйвардсан гэхээр шинж тэмдэг илэрсэн. Би ялагдчихаад гоншигонож байгаа юм биш, их сонин баримт дэлгэе. Хуучин Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга байсан Б.Чинбат, Иргэний бүртгэлийн мэдээллийн технологийн хэлтэст инженер байсан О.Чинзориг, сонгуулийн үеэр санал авах автомат машины тохиргоог хийж байсан Б.Билэгдэмбэрэл гэж албан тушаалтнууд Ардчилсан намын үед эдгээр ажилдаа томилогдон орсон. МАН засгийн эрх аваад бүх хүнийг халж, сольж байхад энэ гурван хүн л тушаал дэвшиж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга болсон гэх мэдээлэл надад ирсэн. Шалгах ёстой. Ардчилсан нам зөвхөн Завхан аймагт бүтэн ялалт байгуулсныг санаж байна уу? СЕХ-нд дээгүүр алба хашдаг нэг нөхөр болон СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гэж Завханы гаралтай хүн бий. Эд нар дээр дурдсан нөхдийн үйл ажиллагааг өөрийн аймагт ямар нэг хэмжээгээр хазаарлаж чадсан учраас Завхан аймагт цахим луйвар хэрэгжээгүй, яг сонгууль болсон гэх сэжүүр бий. Шалгаж, мухарлах ёстой. Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авсан хэргийн шинж тэмдэг шүү! Р.Чингис болоод бусад эрх мэдэл, албан тушаалтай байсан хүмүүсийг энэ асуудлаар шалгах зайлшгүй шаардлага бий” гэжээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна